Бүргэдчин охин Н.Айшолпан амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүдэд туслах сан байгуулжээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2018-10-11 18:05:38

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Дэлхийн дахинд бүргэдчин охин хэмээн алдаршсан Н.Айшолпан өөрийн нэрэмжит сан байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллахаар болжээ.


Энэ талаар өнөөдөр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт аав, ээжтэйгээ хамтран хэвлэлийн бага хурал хийж, "Айшолпан сан" өнөөдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байгааг зарлалаа. Сангаараа дамжуулж амьжиргааны түвшин доогуур айл өрхийн хүүхдүүдэд сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа явуулах юм.


Харин тус сангийн тэргүүнээр түүний аав Р.Нургайып ажиллах аж. Тэрээр, "Айшолпан маань багаасаа их тусархаг хүүхэд байсан. Мөн том болоод ард түмэндээ тусаа хүргэдэг хүн болно хэмээн мөрөөддөг байлаа.  Өнөөдөр түүний хүсэл мөрөөдөл нь биелж байна" хэмээлээ.


Өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймагт болсон "Бүргэдийн баяр" арга хэмжээнд 1000 орчим гадаадын жуулчин ирж сонирхсон юм. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас гаргасан судалгаагаар тухайн жуулчдын 60 гаруй хувь нь Н.Айшолпаны тоглосон "The Eagle Huntress" баримтат киноноос бүргэдийн талаар мэдээлэл авч хүрэлцэн иржээ. Иймд Монгол орон болон казахын бүргэдээр ан авлах урлагийг дэлхийд таниулсан Н.Айшолпан охины нэрэмжит сан хүүхэд багчуудад боловсрол олгох үйлсэд ч томоохон хувь нэмрээ оруулах болно гэдгийг тус сангийн үүсгэн байгуулагчдын нэг Ш.Айзере онцолж байна.


Ө.Нурболат 

 


Холбоотой мэдээ