Ява арал дээр газар хөдлөлт болсны улмаас 3 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-10-11 17:25:23

ЖАКАРТА. /Reuters/. Пүрэв гарагт Индонезийн Ява болон Бали арлууд дээр 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас Ява арлын гурван оршин суугч амиа алдсан тухай АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгээс мэдээлэв.


Үүний зэрэгцээ олон байшин барилга нурж сүйдсэн байна. Энэ долоо хоногт Олон улсын валютын сан болон Дэлхийн банкны төлөөлөгчдийн жил тутмын уулзалт Бали арал дээр болж байгаа бөгөөд үүнд 19 мянга гаруй төлөөлөгч оролцож байгаагийн дунд сангийн сайд нар болон төв банкны удирдлагууд багтаж байгаа юм.


“Амиа алдсан гурван хүний хувьд газар хөдлөлт болох үед гэртээ унтаж байсан тул нурж буй барилгаас гарч амжаагүй байна” гэж Индонезийн Байгалийн гамшгийн уршгийг арилгах агентлагийн хэвлэлийн албаны төлөөлөгч мэдээлжээ.


АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр, уг газар хөдлөлтийн төв нь Ява арлын Сумбераняр нутгийн зүүн хойд хэсэгт байсан ба түүний гүн нь газрын гадаргуугаас 40 километр гүнд байжээ.


Индонез улсын Сулавеси арал дээр өнгөрсөн сард 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болон цунами болсны улмаас 2000 гаруй хүн амиа алдсан билээ. 

Холбоотой мэдээ