Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-10-11 10:30:49
Баянхонгор /МОНЦАМЭ/. “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг Баянхонгор хотноо боллоо.
Тухайн төрлийн гэмт хэргээс сэргийлэх, гаралтыг бууруулахад аймаг, сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, шинэ санал, санаачлагыг нэвтрүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор тус хэлэлцүүлгийг өрнүүлжээ. Хэлэлцүүлэгт аймгийн удирдлагууд, Цагдаагийн газар, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, сумдын ИТХ-ын дарга болон архи согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулдаг аж ахуйн нэгжийн захирал зэрэг 300 гаруй хүн хамрагдсан байна.
Цагдаагийн байгууллагаас аймгийн хэмжээний гэмт хэргийн гаралт, түүний шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийж, урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхаарч буй. Албаныхан хэлэхдээ, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд дан ганц цагдаагийн байгууллагын үүрэг биш, хэлэлцүүлэгт оролцож буй байгууллагууд болон иргэн бүрийн үүрэг оролцоо чухлыг онцолж байлаа.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг сүүлийн таван жилийн статистик үзүүлэлтээр нийт гэмт хэргийн 30 шахам хувийг эзэлж байгаа бөгөөд гаралтын хувьд өссөн дүнтэй байгаа аж. Мөн гэмт хэргийн 40 орчим хувь нь гэр орон сууц, ахуйн хүрээнд, 30 хувь нь гудамж талбайд үйлдэгдэж, гэмт хэрэгт холбогдсон хүний 37.3 хувь нь согтуугаар үйлдэж байгаа нь анхаарал татах асуудал болж байгаа юм.
Тиймээс гэмт хэргийн тоон үзүүлэлт шалтгаан нөхцөл нөлөөлж буй хүчин зүйл тэдгээрийн цаашдын чиг хандлагыг нийгэм цаг үеийн нөхцөл байдалтай харьцуулах шинжлэх ухааны үндэслэлтэй судалж гэмт хэрэгтэй тэмцэх замыг тодорхойлохыг мэргэжлийн байгууллагынхан чухалчилж байна.
Б.Мөнхзул
Холбоотой мэдээ