“Булган түншлэл-2018” үзэсгэлэн худалдаа боллоо

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2018-10-10 18:28:02

Булган /МОНЦАМЭ/. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын Булган аймаг дахь салбарын жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Булган түншлэл” үзэсгэлэн худалдаа  боллоо.

Энэ удаагийн намрын үзэсгэлэн худалдаанд Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон болон хил залгаа Архангай, Хөвсгөл, Төв, Сэлэнгийн аймгийн 50 гаруй үйлдвэрлэгч өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр оролцов.

Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаа учир дулаан хувцас, малгай бээлий, ноосон хувцас үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ дэлгэжээ. Мөн Дархан-Уул аймгийн “Дархан савхи” ХХК, Эрдэнэтийн ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэжээ.

"Хавар, намар бүр зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаа нь үйлдвэрлэгч нарыг хооронд нь туршлага судлуулах, бүтээгдэхүүний сав баглаа боодлыг сайжруулахад зохих үр дүнгээ өгдөг" гэж Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Булган аймаг дахь салбарын дарга Д.Оюунгэрэл ярилаа.

М.Батжаргал

Холбоотой мэдээ