Алдархаан суманд 56 тооны ирвэс бий гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-10-10 09:28:25

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Алдархаан сумын ирвэс бүхий таван газрын камерт 30 гаруй дүрс зураг хадгалагджээ. Тус газруудад камер суурилуулаад хоёр жил гаруй болж байгаа бол өнгөрсөн есдүгээр сард  камерт буй 30 орчим гэрэл зураг бүхий мэдээллийг судалгааны баг авчээ.

Эдгээр гэрэл зураг болон дүрс бичлэг нь ирвэс судлах, тэдний тоо толгойг тоолох, хамгаалахад тус болох судалгааны чухал баримтууд юм. Камеруудыг Ирвэс хамгаалах сан, АНУ-ын ирвэс судлалын төвтэй хамтран суурилуулж ажиглалт судалгаа, мониторингийн ажлыг хийж байгаа юм.

Алдархаан сумын Худаг Улаан, Улаан хайрхан, Хөх ам зэрэг газарт 11 автомат камер байдаг ба энэ жилийн судалгаагаар Алдархаан суманд 56 тооны ирвэс бий хэмээн аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. Сонирхуулахад ирвэсийн урт нь 135 см, сэрвээгээрээ 60 см, сүүлний урт нь 90 см, 45 кг хүртэл жин татдаг байна.

Ирвэсний орооны цаг нь хоёроос гуравдугаар сард эхэлж хагас сар үргэлжилдэг бөгөөд тав, зургаан сард 2-5 гүег төрүүлж, гурван сар орчим хөхүүлдэг байна. Голдуу бүрэнхий, харанхуйд хоол тэжээлээ эрж олдог, заримдаа өдөр ангуучлах нь бий. Сэм явдалтай, нуугдмал амьтан ажээ.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ