Шуурхай ажилласнаар гал түймэртэй холбоотой хохирлыг 48 хувиар бууруулж чаджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-10-10 11:24:19
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Алслагдсан багуудад гарч болзошгүй гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, шуурхай ажиллах зорилгоор байгуулсан Гал унтраах 68 дугаар аврах ангийн үйл ажиллагаа сайн байгааг ОБГ-ын дарга, хурандаа Г.Ганбаатар онцоллоо. Энэ оны найман сарын байдлаар гал түймрийн тоо 52, хохирол 48 хувиар буурсан дүн гарчээ. Тус анги 34 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Баян-Өндөр сумын Эрдэнэ багт байрладаг.

2017-2018 онд Орхон аймагт их хэмжээний цас орж хавар нь шар усны үерт олон айл өрх автсан. Энэ үед дээрх анги шуурхай ажиллаж есөн өрхөд яаралтай дэмжлэг үзүүлсэний дүнд хохирол ч бага гарчээ. Мөн хүйтний эрч чангарах тусам айл, өрхийн галлагаа нэмэгдэж үүнийг дагаад ахуйн гал түймэр, осол их гардаг байна.  Ийм үед 68 дугаар анги өндөржүүлсэн бэлэн байдалд ажилладаг юм.

Орхон аймагт гал түймэртэй холбоотой  дуудлага жилд дунджаар 160-180 удаа ирдэг байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар 46 дуудлагын дагуу ажиллажээ. Тус аймаг 100 гаруй мянган хүн амтай. Нийт өрхийн дийлэнх нь гэр хороололд амьдардаг. Иймд Гал унтраах хоёр ангийг гэр хороололд байгуулсаны нэг нь 68 дугаар анги юм.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ