Ван И: АНУ-ын тал буруу үг, үйлдлээ нэн даруй зогсоох ёстой

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-10-09 16:46:24


Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр тус улсад айлчилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзав.

 Энэ үеэр Ван И  хэлэхдээ “Таныг Хятад улсад айлчлахаар санал болгоход бид таатай хүлээн авч, тантай уулзаж байна. Ойрын үед Хятад-Америкийн Худалдааны мөргөлдөөн хурцдаж байгаатай зэрэгцэн, Тайвань зэрэг асуудлууд дээр БНХАУ-ын эрх ашгийг хөсөрдүүдсэн үйл ажиллагаанууд гарч, ямар ч шалтгаангүйгээр Хятадын дотоод хэрэгт оролцох явдал гарч байна. Энэ төрлийн арга барил нь хоёр орны харилцан итгэлцлийг хохироож, хоёр орны харилцааны ирээдүйг бүрхэг болгоод зогсохгүй энэ нь хоёр орны ард иргэдийн эрх ашигт нийцэхгүй зүйл юм” гэв.

Тэрээр цааш нь “Бидний зүгээс АНУ-ын тал энэхүү буруу үг, үйлдлээ нэн даруй зогсоохыг шаардаж байна. Хоёр орны харилцаа хамтын ажиллагаанаас хамтаар хожих зарчмыг баримталж, элдэв мөргөлдөөн, эсэргүүцэлд автахгүй байх нь чухал. Та энэ удаад Солонгосын хойгийн чухал асуудлаар Хятадын талтай санал солилцохоор ирсэн гэдгийг би мэдэж байна. Үүнээс юуг харж болох вэ гэвэл НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн хоёр улс нь харилцаа холбоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх ёстой. Энэ нь бидний олон улсын өмнө хүлээсэн хариуцлага юм. Тиймээс хамтын ажиллагаа эрүүл, тогтвортой хоёр талын харилцааны үндсэнд суурилан явагдах ёстой. Таны энэ удаагийн айлчлал энэхүү зорилтыг биелүүлэхэд тус нэмрээ үзүүлнэ хэмээн найдаж байна” хэмээн хэллээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ өдөр БНХАУ-д айлчилж буй бөгөөд тэрээр энэ удаад БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзалт хийхгүй. Тэрээр БНАСАУ болон БНСУ-д айлчлал хийсний дараа БНХАУ-д айлчилж байгаа ба өнгөрөгч 6 дугаар сард энэ төрлийн айлчлал хийхдээ Хятад улсын тэргүүнтэй уулзалт хийж байв. Зарим шинжээчдийн зүгээс Хятад-Америкийн Худалдааны дайн өргөжиж Солонгосын хойгийн асуудалтай холбогдох хэмжээнд хүрч хурцдаж байна хэмээн дүгнэж байна.

А.Анхбаяр

 

Холбоотой мэдээ