П.Зоригоо: Эрүүл мал маллах нь хамгийн чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-10-10 11:14:48


Увс аймгийн Сагил сумын Өндөрмод багийн малчин Пунгаагийн Зоригоотой ярилцлаа. Тэрбээр удам сайтын үргэлжлэл гэхэд болно. Учир нь аав Ц.Пунгаа нь Монгол Улсын аварга малчин цол хүртэж байжээ. Түүнийг бас гэрэлт ирээдүй хүлээж байгаа нь тодорхой юм. Өдгөө тэрбээр аймаг, сумын сайн малчин болоод амжжээ.

-Та өөрийгөө танилцуулаач?

-Би 1976 онд төрсөн. 1995 онд сургуулиа төгсөөд нэг жилийн цэргийн алба хаасан. 1999 оноос айл гэр болж хөдөө гарч мал малласан. Эхнэр Н.Уранбилэг маань Сагил сумынх. Ам бүл тавуулаа. Том хүүхэд маань энэ жил 12 дугаар ангиа төгсөөд оюутан болсон. Бага хоёр нь ерөнхий боловсролын сургуульд сурч байна.

 Манайх 1000 гаруй толгой малтай, голдуу бог. 2010 онд сумын сайн малчин, 2012 онд аймгийн сайн малчин болсон. Өнгөрсөн жил Улаанбаатар хотноо болсон Манлай малчдын улсын зөвлөлгөөнд Монгол Улсын аварга малчин Б.Доржсүрэнгийн хамтаар сумаасаа хоёулаа оролцоод ирсэн.

-Танай аавыг улсын аварга малчин гэж сонслоо?

-Аав минь1968 онд Монгол Улсын аварга малчин болж байсан. Нэгдлийн үхэр маллаж, 108 эх үхрээс 108 тугал бойжуулсан амжилтаар Монгол Улсын аварга малчин болж байсан. Миний хувьд ааваараа үргэлжид бахархаж, аавынхаа үргэлжлэл болж яваадаа сэтгэл өег байдаг.

Бид ах дүү есүүлээ. Биднээс нэг эгч, дүү охин бид гурав л хөдөө мал маллаж байгаа. Бусад нь Улаанбаатар хот болон Улаангомд амьдарч байна. Манайх өвөлдөө Улаан давааны цаана гарч өвөлжөөд, зундаа Үүрэг нуурын хөвөөгөөр зусдаг. Хаварт Эрэгнэг тийшээ бууж, Улаанхотгорт намарждаг. Туслах малчныг хавар мал төллөлтөөр болон өвөл авдаг. Нийтдээ 400 гаруй ямаатай. Энэ жил 200 гаруй кг ноолуур авсан. Ноос, ноолуур өндөр үнэ хүрээд сайхан байлаа. Малаасаа жилд 250-300 орчмыг муулж  худалддаг. Бас цөөхөн тооны тэмээтэй. Манай суманд тэмээ их ховор байдаг юм.

-Мянган малтай хүний жилийн орлого хэдий хэрийн юм байх вэ?

-Жилийн орлого ойролцоогоор 30-аад сая төгрөг болдог. Зарлага бас ихтэй. Нүүдэл суудал, бензин тос, сум орон нутагт хандив гээд овоо хэдэн төгрөг гарчихдаг. Малдаа тарга хүч авахуулахын тулд байнга нүүнэ шүү дээ.

 Энэ жил өнөтэй сайхан жил болсон. Хадлан тэжээлээ сайн бэлдэж авсан. Жилд ойролцоогоор 2-3 машин өвс, нэг тонн өнгөрүү хужир жил бүр бэлдэж авдаг.

-Улаан загалмайн байгууллагатай хамтарч ажилладаг уу?

-Улаан загалмайн онцгой гишүүнээр 2014 онд элссэнээс хойш татвар шимтгэлээ байнга төлж байгаа. Үүнээс гадна сум орон нутагтаа тодорхой хэмжээгээр хандив тусламж байнга өгдөг.

-Морь уядаг уу?

-Багадаа хурдны морь их унаж байсан. Одоо ч уяж байгаа. Сумын алдарт уяач цолтой.

-Малчиддаа хандаад юу хэлэх вэ?

-Эрүүл мал маллаарай гэж хэлэх байна. Малаа хавар ногоонд сайн цатгах хэрэгтэй. Ногоонд сайн цадсан мал зун, намрын таргыг сайн авдаг юм.Дээхнэ үед хилийн бүсэд  мал хулгайлах явдал аюултай байсан. Одоо харьцангуй гайгүй болсон. Малын даац хэтрээд, бэлчээр хомсдоод байна. Үүнд анхаарах цаг иржээ. Өөрөөр малчин бидэнд хүндрэл бэрхшээлтэй зүйл алга даа.

-Танд баярлалаа.

                                                                                                  Б.Батхүү

Холбоотой мэдээ