“Увс түншлэл-2018” үзэсгэлэн худалдаа болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-10-09 16:14:16


 Увс /МОНЦАМЭ/.  “Увс түншлэл-2018” үзэсгэлэн худалдаа болон “Чацарганы баяр” арга хэмжээ энэ сарын 12-14-нд Гиваан баатрын талбайд болно. Үзэсгэлэн худалдаанд бизнес эрхлэгчид сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, үр тариа, хадлан тэжээл, жимс, жимсгэнэ, үр суулгац, барилгын материал, модон бүтээгдэхүүн, хувцас, гутал, зөөлөн эдлэл, бэлэг дурсгал зэрэг  бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийн гарт хүргэх юм.

Үзэсгэлэнгийн үеэр иргэдэд ургамал хамгаалал, чацарганы сорт, ач холбогдол зэргээр мэдээлэл өгөхөөс гадна сэтгэлд нийцсэн борлуулалт сайтай бүтээгдэхүүн, импорт орлох бүтээгдэхүүн, хамгийн идэвхтэй оролцсон сум, чацарганы шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулж шагнаж урамшуулна.

Тиймээс иргэд, аж ахуй нэгж, байгууллага, тариаланчдыг үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцоорой хэмээн зохион байгуулагч аймгийн ЗДТГ-аас уриалав. Үзэсгэлэн худалдаанд оролцож бүтээгдэхүүнээ борлуулах хүсэлтэй бизнес эрхлэгчид бүртгүүлсэн байхаас гадна оролцогч бүр хуваарилсан талбайн гоёл чимэглэл, өөрийн нэр хаяг, танилцуулга, сурталчилгааны самбар, лангуу ширээгээ хариуцаж ажиллах гэнэ.

Мөн бүтээгдэхүүн нь өнгө үзэмжтэй, сав баглаа боодолтой, тодорхой нэр хаягтай, чанарын болон эрүүл ахуйн шаардлага хангасан байх ёстой аж.

                                                                                                         

  Б.Батхүү 

Холбоотой мэдээ