Аймгийн Засаг дарга говийн сумдад ажиллаж, зарим асуудлыг шийдвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-10-10 11:06:09

Баянхонгор /МОНЦАМЭ/Аймгийн Засаг дарга Г.Батжаргал Баянцагаан, Шинэжинст суманд ажиллахдаа “Говийн гайхамшигт-6” гуравдугаар зөвлөгөөнд оролцов.

 

Сум дундын эмнэлэг ирэх сард ашиглалтанд орно


Баянцагаан сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзахдаа аймаг орон нутгаас авч хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл ѳгч ирэх онд хийхээр төлөвлөсөн ажил, төсөл арга хэмжээний талаар танилцуулсан юм.

Энэ онд Баацагаан сумын 0.4 Кв, 0.22 кв-ын шугам сүлжээний өргөтгөл, Баянцагааны чиглэлд" Жи мобайл"-ын сүлжээ, сумын автомашин, багийн эмч, дарга нарын унааны бүрэн шинэчлэл гээд олон ажил хийжээ. Харин 2019 онд Баацагаан сумын тавдугаар багт ѳвс, тэжээлийн агуулах байгуулах шаардлага байгааг иргэд хэлэв. Тиймээс уг саналын дагуу 2019 онд тус багт ѳвс, тэжээлийн агуулах бүхий багийн тѳвийг барихаар Үндсэн чиглэлд тусгахаар төлөвлөлөө.

Цаашид уст цэгийн тоог нэмэгдүүлэх, мал угаалгын онгоц барих хэрэгцээ байгааг ч сумын иргэд хэлж байсан. Баянцагаан суманд сумын Засаг даргын захирамжаар өвлийн бэлтгэл ажлыг хангах ажил эд өрнөж буй бөгөөд сумын хэмжээнд 2018 онд бүтээн байгуулалтын ажил өрнөж, нийгэм, эрүүл мэнд, боловсролын салбарт өөрчлөлт шинэчлэлт хийж байна.

Тус суманд ирэх онд бага сургуулийн барилга барих бол цаашид цэцэрлэгийн барилгыг шинээр барих буюу ѳргѳтгѳх шаардлага гарчээ. Хүн эмнэлгийн шинэ барилгын ажил 11 дүгээр сард дуусах. Сум дундын эмнэлгийн статустай тус сумын эмнэлгийн барилгын ажлын явц 80 орчим хувтай. Тиймээс сумын эмнэлэг ашиглалтад ороход шаардлагатай зарим тоног тѳхѳѳрѳмжийг шийдэхээр боллоо. Ингэснээр Баянцагаан сумын эмнэлэг говийн нэр бүхий сумдад эрүүл мэнд, түргэн тусламжийн үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэх боломж бүрэн бий болно гэдгийг сумын удирдлагууд хэлж байлаа.

                  

                  Шинэжинст сумынхан ундны усны найдвартай эх үүсвэртэй болжээ


Шинэжинст суманд бүтээн байгуулалтын ажил ундарч, хөдөөгийн иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах, сурч боловсрох орчин бүрдэж байгаа  таатай уур амьсгал бий болжээ.

Энэ онд сургуулийн их засварыг нийт 253 сая тѳгрѳгийн тѳсѳвт ѳртгѳѳр хийж гүйцэтгэжээ. Засварын хүрээнд сургуулийн гадна дотно пасад, шал, гэрэлтүүлэг, цахилгааны монтаж, цонх, хаалга зэргийг бүрэн шинэчилсэн бөгөөд сургуулийн дотуур байрны халаалтыг шийдсэн байна.

Мөн Шинэжинст суманд 100 хүүхдийн цэцэрлэг ѳнгѳрсѳн тавдугаар сард ашиглалтад орж, хүүхдүүдээ хүлээж авчээ. Өнөөдрийн байдлаар сумын цэцэрлэг 120 хүүхэд хичээллэж байна. Одоо цэвэр, бохир усны шугамын холболтыг хийж дуусах шатандаа явж байгаа бөгөөд хөдөөгийн сумын хүүхэд багачууд эрүүл, аюулгүй орчинд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ авах боломж бүрджээ.

Сумын ундны ус хатуулаг ихтэй чанаргүй муутай аж. Үүнээс болж дотор эрхтэн, зүрх судасны өвчлөл буурахгүй байх нэг шалтгаан болж байжээ. Тэгвэл энэ оноос сумын иргэд эрүүл ахуйн шаардлага хангасан чанартай ус уух хэрэглэх болсон байна. Усны хайгуулын ажлыг нэг жилийн өмнөөс эхлэн хийж, унданд тохирох чанартай усыг энэ оноос иргэдэд түгээх болов. Цаашид худгаас цэвэр усны шугам татаж сумын тѳвийн иргэд, ААН-үүдийг хангахаар тѳлѳвлѳжээ.

Ирэх оны аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд Шинэжинст сумын сургуулийн ард хѳл бѳмбѳг, сагсны талбай бүхий нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэнг тус суманд байгуулахаар тѳлѳвлѳж байна. Энд сургуулийн сурагчдаас гадна сумын иргэд үйлчлүүлж, биеийн тамир, спортоор хичээллэх бөгөөд орчин үеийн технологи, аюулгүй байдлын стандартад нийцсэн материалаар тохижуулах юм.

                                           Б.Мөнхзул

Холбоотой мэдээ