Х.Даваахүү:Дотоодын тариаланчдаас үйлдвэрүүд нөөцөө бүрдүүлэх боломжтой гэлээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2018-10-15 11:01:11

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр газар тариалангийн бүс нутагт ажиллах үеэрээ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын "Түмэн бут" ХХК-ийн тариа хураалтын ажилтай танилцсан юм.

Ерөнхий сайдыг "Түмэн бут" ХХК  дээр очиход тус компанийн захирал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Даваахүү Ерөнхий сайдад хандаж ийн хэллээ. Тэрээр манайд 1000 гаруй га талбайн үр тариаг 8, 9 хоногт хураах техникийн хүчин чадал, боломж бий. Гэвч цас, борооны давтамж их байгаагаас үр тариагаа хатааж, хураах шаардлага үүсч хойшлогдож байна. Мөн сүүлийн хэдэн жил үр тариа худалдан авах үнэ өөрчлөгдөөгүй. Гэхдээ үүнийг нэмэгдүүлэхгүйгээр гаднаас импортоор үр тариа авах квотыг тариалалт дуустал хязгаарлахыг хүсч байна. Ингэснээр дотоодын тариаланчдаас үйлдвэрүүд нөөцөө бүрдүүлэх боломжтой болно шүү хэмээн хэллээ. Мөн тэрээр болц удааширснаас шалтгаалж дутуу болсон буюу ногоон буудайг тэжээлийн нөөцөд авах боломжийг судлахыг салбарын удирдлагуудад уламжилж байв.  

Иргэдээ эрүүл хүнсээр хангах үндэс суурь болсон газар тариалан, мал аж ахуйн салбарыг зохистой бодлоготой хөгжүүлэх, ингэхийн тулд газар тариалангийн бүс нутгийг тогтоох, тариалангийн талбай, хөрсөө хамгаалах шаардлагатайг онцолж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, шийдвэр гаргахаа Eрөнхий сайд хаврын тариалалтын үеэр мэдэгдэж байсан.

Энэ үеэр тариаланчид Засгийн газраас Газар тариалангийн бүс нутгийг тогтоон зарласанд хамгийн ихээр талархаж буйгаа илэрхийлж байв. Тариалангийн бүс нутгийг долоон аймгийн 66 сумын 113 багийг хамруулан тогтоосноор тариалангийн талбайг хашаажуулах ажил эхэлжээ. Энэ онд 4.1 тэрбум орчим төгрөгөөр 450 км хашаа татахаар болсон байна. Энэ нь тариалангийн талбайгаа малын хөлөөс хамгаалж, цаашлаад хашаалсан талбайгаа ойжуулж, хөрсөө хамгаалах үндэс болж буй юм. Үүнээс гадна салбар яамны нэгдсэн бодлогоор тариаланчдад үрийн болон шатахууны хөнгөлөлт олгосон нь ихээхэн нэмэр болсныг тариаланчид хэлж байв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Цаг агаарын тодорхой хүндрэлийн нөлөөгөөр ургац хураалтын ажил саатсан байна. Гэхдээ ургац хураалт амжилттай, тариаланчид өөдрөг байна. Бидний үүрэг бол иргэдээ дотоодын улаан буудайгаар хангах. Тиймээс энэ үүргээ биелүүлэхийн тулд тариаланчидтайгаа хамтарч ажиллана гэдгээ тариаланчдад хэлж байлаа. Мөн тэрээр Монгол Улсын хэмжээнд дотоодын улаанбуудай, хүнсний ногоогоор бүрэн хангах тариалангийн бүс нутаг нь нийт газар нутгийн 0.5-хан хувийг эзэлдэг. Иргэдээ эрүүл хүнсээр тогтвортой хангах нь хамгаас чухал гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тариаланчдад ярьж байв.

Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой ирэх онд тохионо. Салбарын яам түүхт ой угтан “Атар 60” бүтээлч ажил өрнүүлж байгаа гэнэ.

Энэ жил улсын хэмжээнд 367 мянга гаруй га-д үр тариа, үүнээс 343 мянган га-д буудай, 13 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 70 орчим мянган га-д тосны ургамал, 39 орчим мянган га-д тэжээлийн ургамал, нийт 497 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан балансаар 450 мянган тонн үр тариа, үүнээс 426 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95 мянган тонн хүнсний ногоо, 30 мянган тонн тосны ургамал, 86 мянган тонн малын тэжээлийн ургамал хурааж авахаар байгаа гэнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх маргааш Сэлэнгэ аймгийн Eрөө, Хүдэр суманд ажиллан ургац хураалт, хадлангийн явцтай танилцаж, шаардлагатай шийдвэрүүдийг гаргах ажээ.  

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ