Улиастайд “Шилдэг бүтээл-2018” улсын VIII уралдааны шалгаруулалт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-10-10 10:37:27

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт энэ сарын 10-15-нд  Шилдэг бүтээл-2018 улсын VIII уралдааны баруун бүсийн шалгаруулалт болно. БСШУСЯ, Монголын урлагийн ажилтны холбооноос эрдэмтэн, зохиолч Э.Оюуны 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй улсын уралдааны Баруун бүсийн шалгаруулалтад таван аймгийн театрынхан оролцох ажээ. 

Шилдэг бүтээл-2018 улсын VIII уралдааны баруун бүсийн шалгаруулалтад Баян-Өлгий, Ховд, Увс, Баянхонгор, Завхан аймгийн театрууд 2018 онд шинээр тайзнаа тавьсан бүтээлүүдээрээ оролцохоор бүртгүүлжээ. Харин Завхан аймгийн тухайд  Хөгжимт жүжгийн театр 2018 онд уран бүтээлийн олз омог ихтэй ажиллаж байгаа. Энэ онд хоёр томоохон уран бүтээлийг туурвин үзэгчдийн хүртээл болгосон. Монголын их соён гийгүүлэгч, шашин төр урлагийн нэрт зүтгэлтэн анхдугаар богд Жавзандамба хутагт Гомбодоржийн Занабазарын амьдрал уран бүтээлээс сэдэвлэн бичсэн Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийн зохиол, Төрийн соёрхолт найруулагч Намнангийн Наранбаатарын найруулга Өндөр гэгээн хэмээх түүхэн дуулалт жүжиг юм.

Тус жүжгийг нийт 32 удаагийн тоглолтоор 12470 хүн үзсэн байна. Өндөр гэгээн жүжгийн уран бүтээлчид 2018 оны тавдугаар сард болсон "Гэгээн Муза" олон улсын театрын их наадамд оролцож Шилдэг найруулагч, Шилдэг эрэгтэй туслах дүр, Шилдэг эрэгтэй гол дүр-ийн шагналуудыг хүртсэнийг дуулгахад таатай байна. Манай уран бүтээлчид дөрвөн жилд нэг удаа зохиогддог орон нутгийн театруудын дундах Шилдэг бүтээл 2018 улсын уралдаанд бэлдээд завгүй байгаа.

Бид Ч.Лодойдамбын зохиол Гарын таван хуруу жүжгийг сонгож оролцоно. Тус жүжгийн ерөнхий найруулагчаар С.Баярсайхан, ерөнхий зураачаар МУСТА С.Ариунболд, хөгжмийн зохиолчоор МУСТА Э.Хүрэлбаатар нар ажиллаж байна. Харин жүжгийн гол дүрд Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын дуучин МУГЖ Т.Цэцэгээ, дуучин Д.Бат-Ундрах, бүжигчин П.Адъяадулам, бүжигчин Н.Авирмэд нар тоглож байна. Энэ жүжигт Завхан аймгийн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрын 45 уран бүтээлч оролцон тоглож байгаа талаар  тус театраас мэдээллээ.  

Гарын таван хуруу эх зохиолыг өөр өнцөгөөс харсан бүтээл болно гэв

Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын “Шилдэг бүтээл 2018 улсын уралдаанд оролцож буй Гарын таван хуруу жүжгийн эх зохиолыг өөр өнцгөөс харж эр хүнийг өмөөрч бичсэн байна.

Тодруулбал бид жүжгээрээ зохиолын гол дүр Шагдар бол өөр. Шагдарыг өмөөрөх гэсэнгүй харин арай өөр түвшинд гаргаж ирэх гэж хичээсэн. Мөн Эхнэр эр нөхрийнхөө гэртээ ирэх замыг гэрэлтүүлэх ёстой... ингэхийн тулд тэр эмэгтэй өдөр бүр нөхөртөө сайхан харагдаж эр нөхрөө өөртөө татаж байх үүрэгтэй юм. Гэртээ ирэх замыг муу гэрэлтүүлвэл эр хүн өөр ТОД гэрэлтэй газар руу тэмүүлнэ.

Хэрэв эмэгтэй хүн өөрийнхөө биеийг хэт гаргуунд гаргаж унхиагүй унжуу дорой явбал ямар ч эр хүн хэзээ ч орхиод, өөр гал цогтой, биеэ сайхан авч явдаг эмэгтэй рүү явна. Энэ чанар ч бас буруу зүйл биш. Мөн амьдралыг, бүгдийг эр хүн дан ганцаар үүрэх ёсгүй хамтран амьдралаа босгох ёстой гэдэг агуулгыг барьж бичсэн цомнол юм. Тиймээс ч Гарын таван хуруу эх зохиолыг өөр өнцгөөс харж эр хүнийг өмөөрч бичсэн ба дэлхийд ноёлж байгаа транс авангард чиглэл мөн сценограф зохиол, сценограф хөгжим,цаашлаад сценограф бүжиг, тайз, жүжиглэлт, найруулга гэсэн нэгэн нийлмэл бүтээл болгож үзэгчдийн хүртээл болгож байгаа хэмээн Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга МУСТА Г.Солонго ярив.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ