Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд Увс аймаг “Дүүрэн хангалттай” үнэлгээ авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-10-08 14:13:39

 Увс /МОНЦАМЭ/. Увс аймагт гурван өдөр үргэлжилсэн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль Тариалан сумыг нүүн шилжүүлэх болон удирдах ажилтнуудын дунд бие бялдар, сэтгэлзүйн сорил явуулснаар өчигдөр өндөрлөлөө.Увс аймагт зохион байгуулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах ажилтнууд болон орон нутгийн удирдлагууд, идэвхи санаачилгатай оролцож, ажилласныг сургуулийн удирдагч, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян онцолж, дадлага сургуулийг “Дүүрэн хангалттай буюу онцсайн гэж дүгнэсэн юм.


Аравдугаар сарын 07-ны оройн 19 цагт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалж, улмаар "Туяат тоо", ёслолын жагсаал зохион байгуулснаар Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль албан ёсоор өндөрлөв.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулиар “Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, хуулийн этгээд, төрийн бус байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлт, хүн, мал амьтны гоц халдварт өвчин, хүчтэй цасан шуурга, ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг үнэлэх, цагийн байдлын дагуу аймгийн бүх шатны Засаг дарга, Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн ажиллаж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөгөө тодотгосон юм.

Мөн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, салбар дундын удирдлага зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор газар хөдлөлтийн нурангиас аврах ажиллагаа, өндөр уулаас аврах ажиллагаа болон хээрийн хүн эмнэлэг дэлгэх, хүн малын гоц халдварт өвчний үед хорио цээрийн дэглэм тогтоох, хээрийн мал эмнэлэг дэлгэх үзүүлэх дадлага сургуулиудыг зохион байгууллаа. Улаангом сум нүүн шилжих дадлага сургуулилтад аймгийн төвийн 22 мянга гаруй иргэн оролцов.

                                                                                       Б.Батхүү 

Холбоотой мэдээ