Ил задгай галаас үүдсэн гал түймрийн дуудлага зонхилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-10-08 15:27:12

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ оны есөн сарын байдлаар Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт гал түймрийн 43 дуудлага мэдээлэл ирснээс тухайн дуудлагын 42 нь хувийн өмчид гарсан гал түймрийн дуудлага аж. Гал түймрийн улмаас нэг хүн амиа алджээ.

Нийт дуудлагын тал хувь нь ил задгай гал, пийшин, зуухнаас гал алдсан тохиолдол байгаа бол машин шатсан тохиолдол зургаан удаа гарчээ.

Мөн хугацаанд аймгийн Онцгой байдлын газраас 3000 шахам айл өрх, 200 гаруй албан байгууллагад шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, галын аюулаас сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан аж.

Хүйтний улирал эхэлж, агаарын хэм хасах хэмд хүрч байгаа энэ үеэс нийт иргэдийг цахилгааны болон галлагааны аюулгүй байдлыг чанд мөрдөж, галын аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын  албанаас анхааруулав.

Объектын гал түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд галын аюулгүй байдлыг чанд сахин биелүүлэх, галлагааны туршид сонор сэрэмжийг сайжруулах, тамхи шүдэнзнийхээ галыг бүрэн гүйцэд унтраах, галтай үнс нурмыг ил задгай асгахгүй байх, хялбар шатах шингэнийг буруу ашиглаж орон гэртээ хадгалахгүй байх, гэрийн цахилгаан шугамын ачааллыг хэтрүүлж хэрэглэхгүй, зориулалтын бус халаалтын хэрэгслийг ашиглахгүй байх, пийшин зуухны галлагаа болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт угсралтын дүрэм зааврыг зөрчихгүй байх талаар албаныхан зөвлөв.

                                                                         Б.Мөнхзул

Холбоотой мэдээ