Майк Помпео БНАСАУ-ын удирдагчтай уулзлаа

Дэлхийн мэдээ | Улс төр
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-08 09:10:18
twitter.com/Nyamkanmk

СӨҮЛ. /NHK/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотноо тус улсын удирдагч Ким Жөн Унтай уулзлаа.


Тэд ойрын хугацаанд хоёр талын дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг хариуцсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцжээ.


Майк Помпео Ким Жөн Унтай ням гарагт гурван цагийн уулзалт хийсэн байна. Тэрбээр уулзалтын дараа Сөүлд ирж, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзалтын талаар санал бодлоо солилцжээ.


БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцад АНУ-ын зүгээс хэрхэн хяналт тавих, хариуд нь ямар арга хэмжээ явах талаар БНСУ-ын төрийн тэргүүн болон Майк Помпео нар хэлэлцсэн гэж Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.


Өнгөрсөн сард хоёр Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалт болох хүртэл БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах тухай яриа хэлэлцээ зогсонги байдалд ороод байсан билээ. Гэвч хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр БНАСАУ, "АНУ-ын зүгээс нааштай алхам хийвэл бид Йонбён дахь цөмийн байгууламжаа хаахад бэлэн байна" гэж мэдэгдсэн юм.


Д.Нямтулга

Холбоотой мэдээ