Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замыг шинэчлэхээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-10-10 16:05:29

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр-Улаанбаатар хоорондын улсын чанартай авто замын 371-431 км буюу 60 км хэсэгт эвдрэл ихтэй байгаагаас жолооч иргэдийн бухимдлыг багагүй төрүүлдэг байсан. Тэгвэл Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тус замыг бүрэн шинэчилж тавихаар боллоо.

Анх 1986 онд баригдсанаас хойш их засвар хийгдээгүй Монголын хамгийн урт настай энэ замыг бүрэн шинэчлэхэд 50-60 тэрбум төгрөг шаардлагатай учир жил бүр нөхөөс хийх байдлаар засч байсан юм. 2016 онд дөрвөн км, 2017 онд 1.8 км, энэ жил 4.2 км авто замд засвар хийсэн ч баруун аймгуудыг зорьсон авто машины хөдөлгөөн тасрахгүйн зэрэгцээ уул уурхайн хүнд механизмууд байнга холхидгоос зам үргэлж эвдрэлтэй байсан юм.

Тус хэсгийн засвар, шинэчлэлтийн ажлыг шийдвэрлүүлэхээр холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд аймгаас удаа дараа хүсэлт тавьдаг байсан. Харин  өнгөрөгч тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга,  Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарыг аймгийн ард иргэдтэй уулзах үеэр, Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн Үндэсний төвийн төлөөллийг ирэх үеэр ч санал хүсэлт өгч байв.

Үүний үр дүнд ирэх жил Азийн хөгжлийн банкны 60 сая долларын хөрөнгө оруулалтаар Улаанбаатраас Дархан-Уул, Улаанбаатараас Арвайхээр чиглэлийн авто замыг шинэчлэхээр болжээ. Замын ажлын хэсэг нөхцөл байдалтай танилцаж, үнэлгээ судалгааг хийв.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ