Сумын сургуульд 35 жил ажилласан багш үзэсгэлэнгээ гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-10-06 20:31:53

Хэнтий /МОНЦАМЭ/ Олон улсын багш нарын 22 дахь өдөр болон Монголын багш нарын баярын 50 дахь өдрийг тохиолдуулж Хэнтий аймгийн Биндэр сумын ахмад багш Ц.Долгор өөрийн амьдралын түүхэн замнал, бүтээлийн үзэсгэлэнгээ гаргажээ.

Үзэсгэлэнд Ц.Долгор багшийн бага нас, сургуульд сурч байсан үеийн анхны нэгдүгээр ангийн дэвтрүүд, улаан бүч, сампин, пионерийн тэмдэг, Багшийн сургуульд суралцаж байсан үеийн зураг, хичээл бүрийн конспектууд /хичээлийн төлөвлөгөө/, тэргүүн туршлагууд, шавиараа бахархахуй булан, төгсгөсөн анги хамт олны мэдээлэл, судалгаа, сурагчдын бүтээлүүд, шавийн халуун сэтгэл- дурсамж, багшдаа илгээсэн захидал, шүлэг, ном, өөрийн шагнал урамшуулал зэргийг дэлгэжээ.

Түүнчлэн бүх багш нарт зориулж “Хичээнгүй бичиг” заах аргын зөвлөмж номыг хэвлүүлсэн нь үзэсгэлэнд тавигдсан байна. Ц.Долгор багш 1973-2008 он хүртэл Биндэр сумын ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшаар тасралтгүй 35 жил ажиллажээ. Ажиллах хугацаандаа 11 анги төгсгөж, 400 гаруй хүүхдэд "А" үсэг зааж сургасан юм.

Шавь нараас нь хоёр доктор, 26 багш,  ОУХМ хоёр, гадаад хэлний орчуулагч гурав, цанын спортын мастер хоёр, дугуйн спортын мастер хоёр төржээ.Түүний хөдөлмөрийг төр засаг үнэлж, БСШУЯ-ны жуух бичиг, боловсролын тэргүүний ажилтан, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль, боловсролын 90 жилийн ойн медаль,  багшийн гавъяа одонгоор тус тус шагнажээ.

Долгор багш ярихдаа “Шавь нараа дээдлэхийн зэрэгцээ, хичээлээс гадуурх ажлыг эцэг, эх, сурагчтай хамтран тэдний саналыг сонсож, хүүхэд нэг бүрийг аливаа зүйлд хамруулахад анхаардаг байсан төдийгүй нягт, нямбай, цагийн үнэ цэнийг мэдрүүлэх, иргэн хүн болж төлөвшихөд анхааран ажилладаг байсан” хэмээн дурсав.

Д.Одонтунгалаг

 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд