Андын элч ХХК-ийн 49 хувийг орон нутгийн мэдэлд авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-10-05 14:34:49

Сүхбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газар болон БНХАУ-ын хамтран эзэмшдэг нүүрс олборлолтын "Андын элч" ХХК-ийн 49 хувийг Сүхбаатар аймгийн мэдэлд шилжүүллээ. Ингэснээр тус уурхайн нийт ашгийн 49 хувийг аймаг орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтад зарцуулах боломжтой болжээ.

“Андын элч ХХК-ийн 49 хувь нь Хил хамгаалах ерөнхий газрын харьяанд байсан. Энэхүү 49 хувийг орон нутгийн мэдэлд шилжүүлж өгөх хүсэлтийг аймгийн засаг дарга 2015 онд ХЗДХ-ийн сайдад илгээж, үүнээс хойш гурван засаг дарга дамжин хөөцөлдсөний үр дүнд ийнхүү ажил хэрэг болж, Орон нутгийн өмчийн г мэдэлд авав.

Өмнө нь Сүхбаатар аймаг тухайн компаниас ашиг авдаггүй байсан. Харин  компанийг орон нутагт мэдэлдээ авснаар нийт ашгийн 49 хувь аймагт үлдэж цаашлаад ажлын байр нэмэгдүүлэх, үйлдвэрлэл дэмжих, аймаг орны бүтээн байгуулалтад зарцуулах боломжтой” хэмээн аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга И.Батсүх хэллээ.

"Андын элч" ХХК нь анх 1991 онд аймгийн Засаг даргын захирамжаар Эрдэнэцагаан сумын нутаг дахь Баянцогтын нүүрсний уурхайг түшиглэж байгуулагдсан компани юм. Улмаар тус уурхайг хил орчмын сум, айл өрхүүд болон хилийн отръяад заставуудыг нүүрсээр хангах зориулалтаар 1994 онд Хил гамгаалах ерөнхий газарт шилжүүлж байжээ. Андын элч ХХК-ийн ТУЗ-ийн есөн гишүүний дөрөв нь Сүхбаатар аймгийн төлөөлөл юм.

Т.Одончимэг

Холбоотой мэдээ