Залилах гэмт хэрэг өсөх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-10-04 15:21:07

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар нийт 145 гэмт хэрэг бүртгэгдсэнээс залилах гэмт хэрэг 22 бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 15.1 хувийг дангаараа эзэлж байна.

Үүнээс үзэхэд тус аймгийн хэмжээнд цахим луйврын шинжтэй залилах гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа тул Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраас ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж зөвлөгөө мэдээлэл хүргэлээ. Тухайлбал, олон нийтийн сүлжээнд өөрийнхөө мэдээллийг байршуулахгүй байх, шаардлагагүй тохиолдолд бусдад мэдээллээ өгөхгүй, байх /зураг, регистрийн дугаар, өвчтөний түүх гэх мэт/, цахим хуудасны хандах нэрийг сайтар нягталж шалгасны дараа цахим хуудас руу хандах зэрэг зөвлөгөө өгөв.

Мөн олон нийтийн сүлжээнд болон бусад цахим сүлжээнд үл таних этгээдтэй харилцаа тогтоохтой сэрэмжтэй байх, хэт хувийн чанартай мэдээллээ бусдад задлахгүй байх, кибер хүчирхийлэл гэж үзэж буй үедээ хуулийн байгууллагад хандах, өөрийн санамсар болгоомжгүй байдал, хэт хөнгөмсөгөөр найдсаны улмаас гэмт хэргийн золиос эсхүл гэмт хэрэгтэн болох эрсдэлтэй тул сонор сэрэмжтэй байж, уг төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулсан юм.

Э.Нарангэрэл

Холбоотой мэдээ