Гурвалсан гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-10-04 11:00:19

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хэмжээнд 2018 оны эхний есөн сарын байдлаар хүүхэдтэй холбогдох долоон гэмт хэрэг гарсан нь өмнөх оноос 36,3 хувиар буурсан ч гэмт хэргийн улмаас дөрвөн хүүхэд амь насаа алдсан байна.

Гэмт хэрэгт өртөж хохирсон хүүхдүүдийн дийлэнх нь эмэгтэй хүүхэд байгаа бол насны хувьд 14-17 насныхан байгаа юм. Харин хүүхдийн өртөж буй гэмт хэрэг нь ихэвчлэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэргүүд аж. Тиймээс дээрх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газраас Баруун-Урт сумын дөрвөн сургуулийн захиралтай хамтран ажиллах гурвалсан гэрээ байгууллаа.

Гэрээгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд бүрэн дунд сургуулийн сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэрэгт холбогдох, өртөж хохирох шалтгаан нөхцлийг аргилгах, тэдний эрх ашгийг хамгаалах, аюулгүй орчин бүрдүүлэх  тодорхой асуудлыг зохицуулсан аж. Гэрээ 2018-2019 оны хичээлийн жилийг дуустал хэрэгжинэ.

Т.Одончимэг

Холбоотой мэдээ