БНХАУ байгуулагдсаны 69 жилийн ой тохиож байна

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-10-03 14:39:53

Бээжин /МОНЦАМЭ/. 10 дугаар сарын 1-ний өдөр БНХАУ байгуулагдсаны 69 жилийн ойн баяр болж буйг тохиолдуулан Бээжин хотын Тянь Анмэний төв талбайд туг өргөх ёслол болов. Улс тунхагласны баярын өмнөхөн Тянь Анмэний талбайд байрлах Мао Зэдун-ы хөргийг шинэчилж, талбайн төв хэсэгт аварга том сагстай цэцэг байрлуулсан нь гэрлэн чимэглэлтэй хоршиж улам бүр өнгө нэмжээ.  Энэ удаагийн туг өргөх ёслолыг үзэж сонирхохоор гадаад, дотоодын 140 гаруй мянган хүн шөнийн 01:00 цагаас эхлэн цугларсан. Ийнхүү өглөөний 06 цагт Хятадын Ардын чөлөөлөх армийн хөгжимчид Тянь Анмэний талбайд байрлалаа эзлэн, хүндэт харуулууд сүр жавхлантайгаар талбайд орж ирэн туг өргөх ёслолоо үйлдэн, БНХАУ-ын төрийн дууллыг эгшиглүүлэв. Мөн төрийн дуулал эгшиглэх үеэр энх тайвны бэлгэдэл болгож олон тооны цагаан тагтаа нисгэв. БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс 1949 оны 10 дугаар сарын 2-нд Улс тунхагласны баярыг 10 дугаар сарын 1-ний өдөр тэмдэглэж байхаар тогтжээ. Уг баярыг тохиолдуулан Хятад улс даяар энэ сарын 1-7-ны өдрийг дуустал амрах бөгөөд амралтын хугацаанд хурдны замаар үнэ төлбөргүй зорчдог юм.

Дашрамд дурдахад баярын үеэр Хятад улсад гадаад, дотоодын жуулчдын тоо эрс нэмэгддэгтэй холбоотой бүх төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, билетний эрэлт нэмэгддэг тул ойрын хугацаанд Хятад улсыг зорихоор төлөвлөж буй иргэд холбогдох бэлтгэлээ хангах нь зүйтэй юм.


А.Анхбаяр  

Холбоотой мэдээ