Үндэсний аудитын газрын Ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-10-04 10:35:50

Хэнтий /МОНЦАМЭ/. Үндэсний аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын газрын ахлах аудитор Б.Болормаа, аудитор Д.Даваа-Эрдэнэ нар Хэнтий аймагт ирж, аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхантай уулзаж санал солилцлоо.

Тэд УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2017 оны “Аудитын сэдэв батлах тухай” хоёрдугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны “Аудитын ажлын төлөвлөгөө, сэдэв батлах тухай” А/06 дугаар тушаалын дагуу “Монгол Улсын алт олборлох салбарын өнөөгийн байдал, алтны нөөцийн бүрдүүлэлт”-д хийж буй аудитыг орон нутаг дахь Төрийн аудитын газрууд хамтран гүйцэтгэх ажлын тухай хэлэлцэхээр иржээ. 

Мөн Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулж буй алт олборлож байгаа аж ахуйн нэгжүүд, нөхөрлөлийн өнөөгийн нөхцөл байдал, алтны нөөцийн бүрдүүлэлт, хуулийн хүрээнд ажиллаж байгаа эсэх, төрийн байгууллагууд ашигт малтмалын талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаарх ажил, одоо мөрдөгдөж буй хууль тогтоомжийг амьдралд хэрхэн нийцэж байгаа, өөрчлөх, нэмэлт оруулах талаар саналыг авч ажиллах юм байна.

харин ИТХ-ын дарга Л.Батсайхан Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл нь амьдралд нийцэхгүй, аймаг, сумын Хурлаас бусад үндэслэлээр татгалзах шийдвэр гаргадаг ч АМГТГ-аас хуульд нийцээгүй үндэслэлээр татгалзсан гэж үзээд тусгай зөвшөөрлийг олгодог зөрчил дутагдал байна.

Түүнчлэн дээд шатны хурлын байгууллага нь доод шатны хурлын шийдвэрийг хүчингүй болгох эрхзүйн үндэслэлгүйгээс зөвшөөрөл хүсч буй аж ахуйн нэгжүүд нь багийн ИНХ-д оролцож, тухайн иргэдийг янз бүрийн аргаар ухуулж, өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргаснаас байгаль орчинд нөлөөлөх олон сөрөг үр дагаврууд бий болж байна. Тиймээс хуульд эдгээр асуудлуудыг тодорхой тусгах  санал дэвшүүлэв.

Энэ үеэр Мэргэжлийн хяналтын газар, БОАЖГ, татвар зэрэг байгууллагын удирдлага холбогдох мэргэжилтнүүд оролцож аймагт алтны ашиглалтын үйл ажиллага эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэнд хамаарах асуудлын талаарх судалгаа мэдээллийн талаар санал солилцов.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ