С.Ширнэн: Таван хүүхдийн аав болно гэдэг том хариуцлага юм байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-10-10 11:18:12

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төвд амьдардаг залуу хос болох С.Ширнэн, Б.Наранцэцэг нар улирагч сарын 10-нд гурван ихэр хүүтэй болсон талаар бид мэдээлсэн. С.Ширнэн Баянхонгор аймгийн “Соого Сейко” сургуульд багшилдаг бол эхнэр Б.Наранцэцэг ч багш мэргэжилтэй, гуравдугаар цэцэрлэгт багшилдаг.

МУБИС-ийн багшийн сургуулийг төгссөн залуу хос 2012 онд Баянхонгор аймагтаа гэр бүл зохиож амьдралаа эхэлж, анхны хүүхдээ өлгийдөн авсан нь охин байж. Ууган охины удаах нь хүү, өдгөө хоёр ойтой. Харин Б.Наранцэцэгийн гурав дахь төрөлт ихэрлэж, гурван ихэр хүүтэй болсноор С.Ширнэнгийнх ам бүл долоо болж өнөр өтгөн айл болжээ.

Залуу гэр бүлд Баянхонгор аймаг байр өгнө гэх мэдээлэл цахим ертөнцөд түгээд байгаа ч, “Бидэнд байр өгнө гэх албан ёсны мэдээлэл одоогоор ирээгүй. Цахимд ямар эх сурвалжийн мэдээлэл яваад байгааг сайн мэдэхгүй байна” хэмээн С.Ширнэн хариулав.

С.Ширнэнгийнх цалингийн зээлээр авсан хашаандаа гэр барин амьдарч байгаа аж. Хичээлгүй цагаараа гэртээ очиж усаа ойртуулж, гал хөсөө түлж, унд хоолоо базааж өгч байгаа, “Хоёулаа төсвийн байгууллагад ажилладаг болохоор бусад залуу хосын л адил банкинд цалингийн зээл тавьж, амьдралаа залгуулж яваа. Зээлээ дуусахаар урьдчилгаа мөнгө цуглуулаад орон сууцанд орно гэсэн мөрөөдөлтэй. 30 гаруйхан насандаа таван хүүхдийн эцэг, эх болно гэдэг сайхан хувь тохиол, маш өндөр хариуцлага байдаг юм байна. Улам л  сайн ажиллаж хөдөлмөрлөх, нэмэлт орлоготой болж, амьдралаа дээшлүүлэх шаардлага буй болж байна” хэмээн ярив.

                                                                         Б.Мөнхзул

Холбоотой мэдээ