Усан бассейныг 14 хоногийн хугацаанд дуусгахыг үүрэг болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-10-02 12:17:41

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн засаг даргын орлогч Т.Мөнхболдоор ахлуулсан барилга байгууламжийг хүлээн авах улсын Комиссын бүрэлдэхүүн усан бассейн чийрэгжүүлэлтийн төвийн ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгч"Сайн констракшн "ХХК-д дутуу ажлаа дуусгаж, энэ сарын 15 гэхэд бүрэн хүлээлгэж өгөхийг үүрэг болгожээ.

Нийт 25 метрийн урттай, 15 метрийн өргөнтэй зургаан замтай бассейн, 200 үзэгчийн суудал, үйлчилгээний заал, талбай бүхий тус төв нь улсын төсвийн 3,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй. Гэлээ ч гүйцэтгэгч компани барилгыг ашиглалтад оруулах хугацаанаасаа хэтэрчихээд байгаа юм.

“2017 оны 12 сард орсон улсын комиссын үүрэг чиглэлийн биелэлтийг шалгасан. Томоохон ажлын гүйцэтгэл дууссан. Одоо жижиг сажиг ажлууд үлдээд байна. Бид гүйцэтгэгч компанид дутуу ажлаа 14 хоногийн хугацаанд багтаан гүйцэтгэхийг үүрэг болголоо. Энэ сарын 15-нд улсын комисс албан ёсоор хүлээж авна. Олон жил сунжирсан барилгын үйл ажиллагааг даруй дуусгах шаардлагатай” хэмээн Засаг даргын орлогч Т.Мөнхболд хэлэв.

Т.Одончимэг

Холбоотой мэдээ