Сувилахуйн тусламж үйлчилгээ, цаашдын чиг хандлага сэдэвт олон улсын хурал Сайншандад эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-09-28 12:14:08

Дорноговь /МОНЦАМЭ/. “Сувилахуйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт олон улсын  хурал есдүгээр сарын 28-нд Дорноговь аймгийн Сайншанд хотноо эхэллээ.

Сувилахуйн боловсролд сувилагчийн оролцоо, сувилгааны түүх хөтлөлт нь сувилагчийн ажлын ачаалалд хэрхэн нөлөөлж байгаа, сувилагч тусгай мэргэжилтний өнөөгийн байдал зэрэг сувилахуйн боловсрол хийгээд хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, салбарын мэргэжилтнүүдийн санал бодлыг  сонсох, харилцан ярилцах зорилготой хурал хоёр өдөр үргэлжлэх юм.

Хуралд АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь Анагаах ухааны сургуулийн захирал Ц.Цацабшир, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхүвшин, Анагаах ухааны доктор клиникийн профессор Ч.Сарантуяа, Монголын Сувилагчдын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, тэргүүлэх зэргийн сувилагч Д.Нацагсүрэн, Дорнод, Хэнтий, Өмнөговь, Дорноговь зэрэг аймгийн сувиагчдын төлөөлөл,"JICA" болон "Энхтайвны корпус"-ын ажилтнууд оролцож байна.

Хурал зохион байгуулагч  АШУҮИС-ийн  Дорноговь аймаг дахь салбар сургууль нь хүний их эмч, сувилахуй, эх барихуй чиглэлээр бакалавр, сувилагч, уламжлалт анагаах ухааны сувилагч, эх баригч, эм найруулагч мэргэжлээр диплом, лабораторын техникч, туслах сувилагч мэргэжлээр мэргэжлийн үнэмлэхтэй эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэхээс гадна  сувилахуйн ангидаа  туслах сувилагчийн ангийг хичээллүүлдэг.

Мөн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд ажиллаж буй асрагч нарыг мэргэшүүлэх, улмаар хөрш зэргэлдээх аймгуудын эмнэлгийн асрагч үйлчлэгч нарыг бэлтгэх зорилгоор дээрх сургалтыг хэрэгжүүлдэг аж.Тиймээс сувилагч бэлтгэх, сувилахуйн чиглэлийн боловсрол олгох үйлсэд анхаарал хандуулж буй.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ