Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн барилга ирэх онд баригдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-10-10 11:22:10

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд төсвийн байгууллага болон аж ахуй нэгжүүдэд ажиллаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн судалгааг Хөдөлмөр магадлах комиссоос гаргажээ. Судалгаагаар төсвийн байгууллага, ААН-д хөгжлийн бэрхшээлтэй 114 иргэн ажиллаж байгаа бол хөгжлийн бэрхшээлтэй 310 хүүхэд бий гэсэн тоо гарсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 50 нь сургуулийн өмнөх боловсролд, 220 нь ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа аж.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх орчныг бий болгох, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх зорилгоор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссоос аймгийн хэмжээнд олон ажил, арга хэмжээ өрнүүлдэг аж. Энэ онд “Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын үйлчилгээний чанарыг сайжруулах нь” сургалтаар эмч нарыг чадваржуулж, Галуут, Жаргалант Баянцагаан суманд Эмнэлэг магадлах комиссын нүүдлийн хурлыг нийт есөн сумын 300 шахам иргэнийг хамруулан хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгах, хугацаагүй сунгуулсан болон мэдрэл сэтгэцийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан иргэдэд дахин магадлал явуулсан байна.

Түүнээс гадна Хөдөлмөр магадлах комиссоос энэ онд сонсголын бэрхшээлтэй 45 хүнийг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт оношлогоонд хамруулж, замын зардлын асуудлыг шийдвэрлэж өгчээ. Сонирхуулахад, Аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй гурван мянга гаруй иргэн байдаг бөгөөд нийт хүн амын дөрөв шахам хувийг эзэлдэг аж.

Тэгвэл тэдгээр иргэдийн сурч хөгжих, нэгдэн хөдөлмөрлөх, тогтмол үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх үүднээс ирэх онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн барилгыг барьж байгуулахаар болжээ. Барилгын зураг, төсөв бүрэн хийгдсэн бөгөөд ирэх оны төсөвт суулгахаар ажиллаж байгаа аж.

                                                                       Б.Мөнхзул

Холбоотой мэдээ