Нийт тээврийн хэрэгслийн 75 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-09-25 14:51:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/.ЗТХЯ-наас авсан мэдээгээр манай улсад нийт тээврийн хэрэгслийн тоо 894 мянгад хүрснээс 40 хувь нь 20 болон түүнээс дээш жил ашигласан хугацаатай байна.

Тодруулбал, 20 болон түүнээс дээш насжилттай тээврийн хэрэгслийн тоо 244 мянга,15-20 жил ашигласан тээврийн хэрэгсэл 237 мянга, 10-14 жил болсон нь 224 мянга, 7-9 жил болсон тээврийн хэрэгсэл 95 мянга, 4-6 жил ашигласан нь 66 мянга, 0-3 жил болсон нь 27 мянга байна. Эндээс манайд “шинэ” буюу “он залуу” автомашины нийт автопаркт эзлэх хувь тун бага байгааг харж болно. Нийт дүнгээр авч үзвэл тээврийн хэрэгслийн 75 хувь нь 10-аас дээш жилийн ашиглалттай гарч байна.

Сүүлийн жилүүдэд автомашины хэрэглээ ихэссээр байгааг хэрэглээ болон импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийн тооноос харж болно. 2015 онд 37.086 суудлын автомашин орж ирж байсан бол энэ тоо нэмэгдсээр 2016 онд 37.735, 2017 онд 48.871 суудлын автомашин орж иржээ. Энэ оны эхний 5 сарын байдлаар 19.700 автомашин орж ирээд байгаа талаар Гаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтсийн дарга Б.Цэрэн мэдээлж байна.


Импортоор авч буй автомашиныг насжилтын байдлыг авч үзвэл 0-3 жил ашигласан автомашин ихэвчлэн Герман улсаас орж ирдэг бол Японоос орж ирж байгаа 4-9 насжилтай автомашин импортын 70 орчим хувийг эзэлж байна.

Манай улс 30 орноос суудлын автомашин импортолж байгаагийн ихэнх хувийг Японы автомашин эзэлж байна. Өнгөрсөн оны статистик үзүүлэлтээс харахад Японоос 45 мянган суудлын автомашин орж иржээ. Дараа нь  БНСУ-аас 2.900, АНУ-аас 142, ОХУ-аас 167, ХБНГУ-аас 315 ширхэг суудлын автомашин тус тус импортолжээ. Ачааны автомашины хувьд 2017 онд нийт 14.155 ширхэг орж ирсэн бол энэ оны эхний 5 сарын байдлаар 5.582 ширхэг орж ирээд буй. Эдгээрээс ихэнх хувийг БНСУ-аас орж ирсэн автомашин эзэлж байна. БОАЖЯ-ны мэдээллээр нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлын 10 хувийг автомашины утаа  эзэлдэг гэсэн судалгааны дүн гарчээ.

Б.Болд

 

Холбоотой мэдээ