Иргэд хэрэгцээтэй мэдээлэл олж авах дижитал боломж бүрдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-09-25 15:52:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий нийтээр жил бүрийн 9 дүгээр сарын 28-нд “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай. Эл өдрийг угтан Глоб интернэшнл төв, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Германы “Дойче Велле” академи, Нээлттэй нийгэм форум хамтран өнөөдөр “IPDCtalks Mongolia 2018” арга хэмжээг “Корпорэйт” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.


Энэхүү арга хэмжээг "Тогтвортой хөгжлийг мэдээллийн хүртээмжээр бэхжүүлэх нь" сэдвийн дор хоёр дахь жилдээ зохион байгуулсан юм. Иргэдийн мэдээлэл олж авах түгээмэл эрх нь хүний суурь эрх болохыг бодлого боловсруулагч, иргэдэд таниулах, ил тод, нээлттэй байх, мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулах хууль тогтоомж, эрхзүйн тогтолцоог бэхжүүлэх хүрээнд хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны технологиор дамжуулан сурталчлахад чиглэж байна.

Тус арга хэмжээнд Хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагын 50 гаруй төлөөлөл оролцож, үндсэн 6 илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Энэ үеэр мэдээлэл олж авах түгээмэл эрхийг хангахад хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг, оролцоо чухал, мэдээллийн ил тод хуулийг илүү боловсронгуй болгох шаардлагатайг оролцогчид хэлж байлаа.

Мэдээлэл, холбооны операторуудын ассоциоцын гүйцэтгэх захирал У.Тамир “Олон нийтийн мэдээллийн хүртээмж” сэдвээр илтгэл тавив.


Тэрбээр, “Манай улсын хувьд үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчийн тоо дэлхийн дундажтай харьцуулахад дээгүүр байна. Тухайлбал, 100 хүнд ногдох хэрэглэгчийн тоо дэлхийн дундаж 96 бол манай улсад 110 байна.  Интернэтийн хүртээмжээр мөн дэлхийн дунджаас өндөр үзүүлэлттэй, үнийн түвшингээр үүрэн холбооны үйлчилгээний үнэ дэлхийн 10 хямд улсын 8-д жагсдаг. Өргөн зурвасын интернэтэд холбогдох үнэ дэлхийн хамгийн бага үнэ болох 20 ам.доллараас  бага гэсэн жагсаалтад багтдаг. Үүнээс гадна Монгол Улсын хэмжээнд 28 сумаас бусад сум шилэн кабелийн сүлжээнд бүрэн холбогдсон. Энэ нь иргэд интернэтэд нэвтрэх, шилэн кабелийн сүлжээнд холбогдсон сум бүр үүрэн холбооны 3G үйлчилгээг авах боломжтой. Ингэснээр иргэд хэрэгцээтэй мэдээллээ олж авах дижитал боломж Монгол Улсад бүрдэж байна. Өөрөөр хэлбэл иргэдэд хүрэх дэд бүтцээ байгуулсан, үйлчилгээгээ хүргэсэн, үнэ боломжийн учир мэдээллийн харилцаа холбооны технологийн боломж нь хангагдсан. Иргэд өнөөдөр мэйлээ шалгах, интернэт, сошиалд нэвтрэх, гар утсаараа банкны гүйлгээ хийх зэрэг үйлчилгээг авч байгаа ч хэрэглээ төдийлөн өндөр биш байна. Тиймээс тэднийг чанартай, хэрэгцээтэй мэдээллээр хангах, тухайн мэдээллийг хаанаас олж авахыг сургах нь чухал. Иргэд мэдээлэл, мэдлэгтэй байвал операторуудын хэрэглээ, сүлжээний эдийн засагт үзүүлэх үр ашиг өснө. Мөн төрийн бодлого нэгдсэн уялдаагүй, салбар бүр өөрийнхөөрөө нэвтрүүлж байна. Мэдээлэл харилцааны салбар бий болчихоод байхад эрүүл мэнд, боловсрол, банк гэх мэт салбар тус бүр өөрсдөө сүлжээ байгуулж байна. Нэгэнт хувийн хэвшлийнхний бий болгосон сүлжээг эдийн засгийн үр ашигтай ашиглаж чадвал бүх салбарын хөгжлийг дэмжих бүрэн бололцоотой” гэв.


Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр нь 2030 он хүртэлх “Тогтвортой хөгжлийн зорилт”, түүний 16.10-д заасан олон нийтийн мэдээлэл олж авах эрхийг хангах, хүний суурь эрх, эрх чөлөөг хамгаалах зорилттой онцгой хамааралтай.  ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөрөөс санаачилсан “IPDCtalks” чуулганыг анх 2016 онд Парис хотод зохион байгуулжээ. Тус чуулган нь чөлөөт, хараат бус, олон ургальч хэвлэл мэдээллийн оролцоог хөхиүлэн дэмжих замаар 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх гол зорилготой. Олон улсад аль хэдийнэ танигдсан “TED-X” уулзалтын загвараар зохион байгуулдаг энэ чуулган нь мэдээлэл олж авах түгээмэл эрхийг хангахад хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг, оролцоо түүний ач холбогдлыг ойлгуулах ач холбогдолтой юм.

Дашрамд дурдахад дэлхийн 111 орон мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд манай улс тус хуулийг хэрэгжүүлж буй байдлаараа 62 дугаар байрт жагсаж байгаа нь энэ хуулийг илүү боловсронгуй болгох шаардлагатайг харуулж байгаа аж.

 

Холбоотой мэдээ