ЕХ: Ирантай худалдаа эрхлэх боломжоор хангах хуулийн этгээд байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.gov.mn
2018-09-25 14:20:07
twitter.com/Nyamkanmk

НҮБ. /Xinhua/. Ираны цөмийн хөтөлбөрийн тухай олон улсын гэрээнээс АНУ гарч, дахин хориг арга хэмжээ авсантай холбогдуулан Ирантай хийх санхүүгийн гүйлгээг хөнгөвчлөх үүднээс ЕХ хуулийн этгээд байгуулна гэж тус холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан Дээд комиссар Федерика Могерини мэдэгдлээ.


Энэхүү хуулийн этгээд нь Европын компаниудыг ЕХ-ны хуулийн хүрээнд Ирантай худалдаа эрхлэх боломжоор хангах юм гэж тэрбээр даваа гарагт Их Британи, БНХАУ, Франц, Герман, ОХУ-ын Гадаад хэргийн сайд нартай уулзалт хийснийхээ дараа Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд цугласан сэтгүүлчдэд мэдэгджээ.


Ираны гэрээнд үлдсэн хүчирхэг таван орны сайд нар уг санаачилгыг дэмжиж байгаа гэж тэрбээр мэдэгдэлд мөн дурдав.


Төлбөрийн сувгийг хөгжүүлэх, ялангуяа Ираны экспорт, импорттой холбоотой төлбөр тооцоог хөнгөвчлөх тусгай зориулалтын механизм байгуулахыг таван орны Гадаад хэргийн сайд нар дэмжиж байгаагийн зэрэгцээ энэ нь Ирантай хууль ёсны дагуу бизнес эрхлэх эдийн засгийн үйл ажиллагааг дэмжиж, бэхжүүлэх юм гэж Гадаад хэргийн сайд нарын хамтарсан мэдэгдэлд дурджээ.


Мөн энэ санаачилга нь Ираны цөмийн гэрээг хамгаалах зорилготой юм гэж мэдэгдэлд дурдсан байна.


Д.Нямтулга

Холбоотой мэдээ