Монголын боулинг сонирхогчдын Үндэсний лигийн тэмцээн болж аваргуудаа шалгаруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-09-25 13:50:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын боулинг сонирхогчдын холбооны “Big bowling friendship-2018” үндэсний лигийн хоёрдугаар тойргийн хоёрдугаар шатны тоглолт өчигдөр “Big bowling” төвд боллоо.

Гурав дахь жилдээ болж буй тус тэмцээний эхний шатанд 14 баг өрсөлдөж урьдчилсан шатанд 6 тоглолт хийж өндөр оноотой 12 баг нь финалын шатанд шалгарч хасагдах журмаар аваргаа тодрууллаа. Энэ удаагийн тэмцээний аваргаар Б.Батхүү ахлагчтай Т.Нансалмаа, Г.Золбоо нарын баг тодров. Харин дэд байрыг Ж.Содномдорж ахлагчтай Ш.Мөнхжаргал, Х.Хишигбат нарын баг, гуравдаар байрыг Э.Харцага ахлагчтай Т.Долгормаа, Д.Отгонжаргал нарын баг эзэллээ.

9 дүгээр байрт шалгарсан Э.Харцага ахлагчтай баг хасагдах халз тоглолтод хошой аварга хоёр ч багийг өвдөг шороодуулж улмаар хүрэл медалийн төлөөх тоглолтод 572 оноо буюу энэ өдрийн хувьд хамгийн өндөр оноог авсан. Харин алтан медалийн төлөөх тоглолтод Г.Батхүү ахлагчтай баг 551 оноо авсан юм.

Тэмцээний шилдэг тамирчин буюу өндөр онооны эзнээр эрэгтэйчүүдээс Электрон дартсын холбооны тамирчин П.Одхүү (256 оноо) шалгарсан бол эмэгтэйчүүдээс “Strikes” клубын тамирчин Т.Долгормаа  тэргүүлсэн бөгөөд 219 оноогоор хоёр тэмцээн дараалан шилдэг тоглогч болжээ.

Холбоотой мэдээ