Д.Жанчивдорж начны нэрэмжит барилдаан болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-09-25 13:18:47


   Увс /МОНЦАМЭ/. Зүүнхангай сумаас төрөн гарсан хүчит бөхчүүдийн залгамж халааг бэлтгэх зорилготой, өсвөрийн үндэсний бөхийн барилдааныг тус сумаас төрөн гарсан Улсын начин Д.Жанчивдоржийн нэрэмжит болгон зохион байгуулж байна. Тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн хамт олон санаачлан зохион байгуулж байгаа энэхүү барилдаан нь гурван насны ангиллаар явагдаж байгаа бөгөөд Д.Жанчивдорж начин өөрийн биеэр хүрэлцэн очиж нэрэмжит барилдаанаа үзэж сонирхож байна.

Увс аймгийн Зүүнхангай сумын харъяат, Монгол Улсын начин Дуламсүрэнгийн Жанчивдорж 1956 онд төрсөн, бич жилтэй. Тэрбээр 1985 оны Улсын их баяр наадмаар тав давж Монгол Улсын начин цолтон болжээ.

Д.Жанчивдорж начин мэргэжлийнхээ дагуу эрдмийн ажил хийж, ном сурах бичиг бичихийн зэрэгцээ бөхийн сэдвээр бусадтай хамтран 2008 онд “Увсын цэнхэр хязгаарын домог түүхтэй бөхчүүд”, 2010 онд Өврийн сайхан хангай”, “Бүрд нутгийн хүчтэнүүд”, 2012 онд Хан Хөхийн Ламжав аварга зэрэг ном турвижээ.

                                                                                                                                                                                                                             Б.Батхүү

Холбоотой мэдээ