А.Гутерриш НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганыг нээж үг хэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-09-25 11:18:22

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Өнөөдөр эхэлж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы үеэр дэлхийн 196 орны төрийн тэргүүнүүд, гадаад хэргийн сайд нар үг хэлнэ. Оролцогчид улс төрийн хэлэлцүүлэгүүдэд оролцохын зэрэгцээ Сирийн асуудал, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зэрэг олон улсад тулгамдсан чухал асуудлуудаар хоёр талт болон олон талт уулзалт хийхээр бэлтгэж байгаа аж.


Хэлэлцүүлгийг нээж хамгийн эхэнд уламжлал ёсоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Ерөнхий Ассамблейн индэр дээр гарч  үг хэлэх юм байна. Дараа нь НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганы дарга, Эквадорын гадаад хэргийн сайд асан Мария Фернанда Эспиноса Гарсе үг хэлнэ. Харин төрийн тэргүүдээс хамгийн түрүүнд Бразилийн Ерөнхийлөгч Мишел Темер, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар гарах аж.


Тэдний араас Эквадор, Турк, Мексик, Марокко, Франц, Коста Рика, Сейшелийн арлууд, Перу, Йордан, Катар болон Ираны төрийн тэргүүд НҮБ-д хандах бол эхний өдрийн төгсгөлд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй нар үг хэлэх аж.


Энэ чуулганд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон гадаад хэргийн сайд Ри Ён Хо нар хоёр Солонгосыг төлөөлөх юм байна. Түүнчлэн Палестины төрийн тэргүүн Махмуд Аббас, Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нар Нью-Йорк хотод хүрэлцэн ирэх аж. Хэлэлцүүлгийн гол сэдэв болж буй Сири улс гадаад хэргийн сайд Валид Муаллемыг Нью-Йорк руу явуулжээ.


Мөн Украиын төрийн тэргүүн Петр Порошенко хэлэлцүүлгий хоёр дахь өдрийн орой үг хэлэх төлөвтэй байна. Хэлэлцүүлгийн 3 дахь өдөр индэр дээр улиран сонгогдоод удаагүй байгаа Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро гарна. Өндөр түвшинд 7 хоног үргэлжлэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейны чуулганы хүрээнд болох улс төрийн ерөнхий хэлэлцүүлэгт нийт 81 төрийн тэргүүн, 47 ерөнхий сайд болон 68 гадаад хэргийн сайд оролцох төлөвтэй байна.


“НҮБ-ыг бүгдэд зориулж утга учиртай болгох: Дэлхийн манлайлал, энх тайван, тэгш эрхтэй, тогтвортой нийгмийг цогцлоох үүрэг хариуцлагыг хуваарьлах” гэсэн сэдэв нь энэ жилийн хэлэлцүүлгийн сэдэв аж. Гэсэн хэдий ч хэлэлцүүлгийн үеэр улс орны төлөөлөгчид олон улсад тулгамдсан асуудлаар улс орныхоо байр суурийг тодорхойлох нь илэрхий юм.

Тухайлбал, Оросын төлөөлөгч НҮБ-ын ЕА-н өндөр дээд түвшинд 7 хоног үргэлжлэх хэлэлцүүлгийн үеэр энх тайвны үйл хэрэгт гүйцэтгэх НҮБ-ын үүргийг бэхжүүлэх, Ерөнхий Ассемблейг гадаад бодлогын тооцоо бодох асуудлыг мэдээллэх талбар болон хувирахаас урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн асуудлуудад анхаарал хандуулах төлөвтэй байна гэж Оросын гадаад хэргийн яам өмнө нь мэдэгдэж байжээ.  Мөн уулзалт, хэлэлцүүлгийн үеэр Орос Өрнөдийн харилцаа хийгээд Сири дэх нөхцөл байдал, Ираны цөмийн хэлэлцээрийн хувь заяа, Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг зохицуулах зэрэг асуудлууд ноёлох аж.

Харин АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хейлигийн мэдэгдсэнээр, энэ хэлэлцүүлгийн үеэр Д.Трамп өнгөрсөн жилүүдэд АНУ-ын гадаад бодлогод гаргасан ололт амжилтууд хийгээд АНУ-ын эрх баригчдын цаашид баримтлах чиг баримжаа түүнчлэн улс орныхоо бүрэн эрх байдлыг хамгаалах тухай асуудлуудыг хөндөн ярих аж. 


Э.Аянзаяа 


 

 

Холбоотой мэдээ