Монгол, Тайванийн шинжлэх ухаан, технологийн хамтарсан судалгааг хэрэглээнд нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-09-25 13:19:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан, Тайванийн Шинжлэх ухаан, технологийн яам энэ сарын 23-нд хоёр орны шинжлэх ухаан, технологийн өнгөрсөн 10 жилийн хугацаанд хамтран хийсэн судалгааны ажлын үр дүнг дүгнэв.


Тайванийн Шинжлэх ухаан, технологийн сангийн хэлтсийн дарга, доктор Фү Шао Мин хэлэхдээ, “Тайванийн Шинжлэх ухаан, технологийн яамны сайд Чэнь Лиан Жи нь шинжлэх ухаан, технологийн судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг маш ихээр дэмждэг. Цаашид хоёр орны шинжлэх ухааны хамтарсан судалгааны үр дүн нь үйлдвэрлэл хөгжих үндэс суурь болж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээв.  

“Монгол Тайванийн шинжлэх ухаан, технологийн салбар дахь харилцаа хамтын ажиллагаа 2007 оноос эхлэлтэй төдийгүй анагаах ухаан, шинжлэх ухаан, технологийн чиглэлийн хамтарсан судалгааны ажлууд илүү түлхүү хөгжсөн бөгөөд цаашид илүү олон судалгааны ажилд өргөн цар хүрээтэй хамтарсан судалгаа хийнэ” гэдэгт итгэлтэй байгаагаа Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Д.Энхжаргал хэллээ.  

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч ноён Хуан Куо Рун хэлсэн үгэндээ, “Тайвань Монголын тал хамтарсан судалгаа шинжилгээ хийгээд 10 жилийн нүүр үзээд байна. Судалгааны ажил нь хэдийнээ арвин баялаг үр дүнг харуулж чадсанд нэн таатай байна. Мөн судалгааны ажлын үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэх асуудал нь хоёр орны цаашид баримтлан ажиллавал зохих чиглэл болно” хэмээв.  

Монгол, Тайвань орон нь анх 2007 онд шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурсан. Өнгөрсөн хугацаанд нийт 31 хамтарсан судалгааны төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн бөгөөд эдгээр судалгааны ажлын 48 хувийг эрүүл мэнд, биотехнологийн чиглэлийн хамтарсан судалгааны ажил, 39 хувийг технологийн чиглэлийн, 13 хувийг нийгмийн шинжлэх ухааны хамтарсан судалгааны бүтээл эзэлж байна. 

Холбоотой мэдээ