Баян-Өлгийн оюутнууд универсиад наадмаас дөрвөн медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-09-24 20:55:27

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Увс аймгийн Улаангом хотод есдүгээр сарын 21-23-нд болсон орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургууль, коллежийн оюутнуудын "Универсиад-2018" спорт, урлагийн ХХІ их наадмаас Баян-Өлгий аймгийн оюутнууд дөрвөн медаль хүртсэн байна.


Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн урлагийн боловсролын ангийн оюутан Р.Гарып гоцлол дууны төрлөөр алтан медаль, Ж.Жомарт язгуур урлагийн төрлөөр, А.Алтынгүл оюутан мисс төрлөөр, биеийн тамирын ангийн оюутан А.Энх-Уянга ширээний теннисийн төрлөөр тус тус хүрэл медаль хүртжээ.


Тус их наадам нь орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургууль, коллежийн хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой бөгөөд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Дорнод, Увс, Ховд аймгаас нийтдээ 240 оюутан хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлджээ.


"Манай сургуулийн хувьд нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байрт шалгарч дээрх спорт, урлагийн их наадмыг 2019 онд өөрийн аймагтаа зохион байгуулах эрх авлаа" гэж Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирал Ж.Хиналган хэллээ.


Дашрамд хэлэхэд орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургууль, коллежийн оюутнуудын спорт, урлагийн их наадам нь 2014 онд Баян-Өлгийд болж, тус салбар сургууль нь нийлбэр оноогоор хоёрдугаар байрт шалгарч байжээ.


Ө.Нурболат

Холбоотой мэдээ