Арабын таван орны Гадаад хэргийн сайд нар де Мистуратай уулзав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-09-24 14:29:53

АММАН. /РИА Новости/. Иордан, Египет, Бахрейн, Саудын Арави болон Арабын Нэгдсэн Эмирт Улсын Гадаад хэргийн /ГХ/ сайд нар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудал хариуцсан тусггай элч төлөөлөгч Стаффан де Мистуратай уулзжээ. Энэ тухай Иорданы Гадаад хэргийн яамны хэвлэлийн мэдээлэлд дурдсан байна.


“Иордан улсын ГХ-ийн сайд Айман ас-Сафади НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганд оролцох үеэрээ ням гарагийн орой Египетийн ГХ-ийн сайд Самех Шукри, Саудын Аравийн ГХ-ийн сайд Адиль аль-Жубейр, Бахрейны ГХ-ийн сайд шейх Халед бен Ахмед Аль Халиф, Арабын Нэгдсэн Эмирт Улсын ГХ-ийн сайд доктор Анвар Гаргаш нарын хамт хийсэн зөвлөгөөнд оролцлоо” гэж хэвлэлийн мэдээлэлд дурджээ.

Уг баримт бичгээс үзвэл, дээрх орнуудын гадаад хэргийн сайд нар Арабын улс орнуудад бүс нутгийн янз бүрийн хямралыг зохицуулахад хамтарсан үүргээ идэвхжүүлэх арга замыг, мөн де Мистуратай Сирийн байдлыг хэлэлцсэн байна.

Гадаад хэргийн сайд нар Арабын нийтлэг эрх ашгийн төлөө зөвлөгөөн болон зохицуулалтаа цаашид үргэлжлүүлэх шийдвэрийг гаргажээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ