Сагил сумын Өндөрмод баг Мэдээллийн төвтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-09-24 13:41:40


Увс /МОНЦАМЭ/. Сагил сумын III баг буюу Өндөрмод багт улсын төсвийн 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар багийн Мэдээллийн төв шинээр байгууллаа. Шинэ багийн төвийн нээлт  есдүгээр сарын 22-нд болсон бөгөөд үүнд аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат болон сум орон нутгийн удирдлагууд оролцов.

“Манай багт улсын төсвийн хөрөнгөөр Мэдээллийн төв шинээр баригдсанд бид баяртай байгаа. Сагил сумын Өндөрмод баг нь 170 гаруй өрхтэй, 750-аад хүн амтай, 63 мянга гаруй мал сүрэгтэй, сум дотроо хамгийн олон өрх, хүн амтай.Төрийн анхан шатны нэгжийн хувьд засгаас явуулж байгаа бодлого шийдвэрийг иргэдэд хүргэх, саналл хүсэлтийг нь сонсох, эргэх холбоо тогтооход мэдээллийн төв чухал үүрэгтэй.  Бидний нутгаас Монгол Улсын аварга малчин хоёр, аймгийн аварга малчин долоо, сумын аварга малчин долоо, аймгийн аварга хадланч нэг төрөөд байна” гэж Өндөрмод багийн Засаг дарга Б.Одням ярив.

Нээлтийн үйл ажиллагаанд зориулсан бэсрэг наадамд аймаг, сумын цолтой хүчит 32 бөх барилдсанаас Түргэн сумын харъяат, "Улаангом" дэвжээ, "Тоосгон-Уул" ХХК-ийн бөх, аймгийн начин Г.Цоггэрэл түрүүлж, Сагил сумын харъяат сумын заан Я.Мижиддорж үзүүрлэлээ.

                                                                                                                                                                  Б.Батхүү

Холбоотой мэдээ