Д.Сумьяабазар: Ажлаа намын хороо, үүрээс эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2018-09-22 12:19:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр эхэлсэн Нийслэлийн МАН-ын Бага хурал өнөөдөр үүрээр 05.30 цагт өндөрлөж, энэ удаагийн хурлаар Нийслэлийн намын даргаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Бага хуралд оролцогчдын олонх буюу 50.6 хувийн саналаар сонгогдов. 

 

МАН-ын шинэ дарга Д.Сумъяабазар, “Энэ удаагийн сонгууль дотоод ардчилалтай өрсөлдөөний зарчмаар боллоо. Хийх ажил маш их байгаа. Ялангуяа 2016-2020 оны намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг биелүүлэхэд анхаарч ажиллана. Эхний ээлжинд улс төрийн хэд хэдэн шийдвэр гаргах ёстой гэж бодож байна. Нийгэмд үүсээд байгаа зарим асуудлын талаар намын удирдлагуудтай санал солилцож, шийдвэр гаргана” гэв.

Тэрээр, намын үйл ажиллагаанд нийслэлийн 9 дүүргийн оролцоог хангаж ажиллах зайлшгүй шаардлагатайг дурдаад дүүргийн бодит төлөөлөл болсон чадалтай залуусаар багаа бэхжүүлэх ёстой. Мэдээж улс төрийн шийдвэр нэгэнт гарсан учраас  үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах, иргэд, сонгогчид, намын анхан шатны байгууллагыг бэхжүүлэх чиглэл рүү улс төрийн бодлогоо нэн тэргүүнд чиглүүлэн ажиллана. Намын анхан шат, үүрт тулгарч буй асуудлыг ойрын хугацаанд ажлын төлөвлөгөө гарган шийдвэрлэж, эхний ээлжинд намын анхан шатны хороо, үүрээс ажлаа эхэлнэ. Түүнээс гадна дүүргийн улс төрийн байгууллагыг бэхжүүлэх, нам, улс төрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, нийслэлийн төсөвтэй холбоотой, нийслэлд тулгамдаж байгаа аж ахуйтай холбоотой олон асуудлаар хотын даргад дэмжлэг үзүүлж, ажлын төлөвлөгөөтэй хамтран ажиллана гэдгээ мэдэгдлээ.

 

Холбоотой мэдээ