Сэтгүүлчид мэдээллийн сан бүрдүүлж ажиллах шаардлагатайг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-09-21 18:40:53


Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэдээллийн эрин үед сэтгүүлчид мэдээллийг цуглуулж баримтжуулан хэрэглэгчдэд хэрэгтэй үед нь хүргэх байдлаар өөрчлөгдөж буйг өнөөдөр “Ил тод байдал” сан ТББ-аас зохион байгуулсан “Мэдээлэл цуглуулж боловсруулан бүтээгдэхүүн болгон ашиглах нь” сэдэвт сургалтын үеэр онцлов.


Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, маркетингийн мэргэжилтэн судлаачдад зориулсан дээрх сургалтад оролцогсод мэдээллийн сан хэрхэн бий болгох, сошиал маркетингийн чиг хандлага өнөөдөр юунд чиглэж буй талаар мэргэжилтнүүдийн үгийг сонсож, аливаа мэдээ, мэдээлэл, баримт, өгөгдөл, эх сурвалжтай ажиллах, иргэд, олон нийтэд энгийн ойлгомжтой хэлбэрээр хүргэх арга зүй, аргачлалтай танилцан, боловсруулсан контентын жишээн дээр ярилцан санал солилцлоо.  

“Ил тод байдал” сан ТББ-ын тэргүүн, нийтлэлч Д.Цэрэнжав, “Цахим мэдээллийн хөгжлийн энэ үед сэтгүүлчид мэдээллийн технологийн сүлжээг ашиглан мэдээллийн сан бүрдүүлж өөрийн гэсэн ой санамжтай болох шаардлага тавигдаж байна. Үүний дагуу суурь мэдээллийн бааз бүрдүүлж мэргэших нь чухал байна” гэж онцлож байсан бол “Хөвчис медиа” ХХК-ийн мэргэжилтэн Г.Солонго, “Сэтгүүлчид өдөр тутмын ажлаа хийсээр нөлөөллийн үйл ажиллагаагаа орхигдуулж буй”-г тодотгоод, сигментээ зөв тодорхойлж сошиал үнэлгээнд хууртахгүй байх хэрэгтэйг зөвлөв. Мэдээлэл цуглуулж боловсруулах талаар “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Ц.Мягмарбаяр Төв аймгийн Заамар суманд уул уурхайн компаниудын үйл ажиллагааг сурвалжилсан жишээг татав. Тэрээр уул уурхайн ААН-үүдийн ашиг хүртэгч жинхэнэ эзэд хэн бэ гэдгийг гаргаж ирэх үүднээс Заамар суманд алт олборлож буй “Эрдэнэсийн эрэг” ХХК-ийн үйл ажиллагааны талаар цуврал сурвалжлага бэлтгэн нийтлүүлжээ. Өнөөдөр манайд сэтгүүлчид эрэн сурвалжлага хийж баримт цуглуулах явцад албаны мэдээллийг олж авахад хүндрэлтэй байгааг сургалтын үеэр хуучнаар Төрийн өмчийн хороо (ТӨХ(-ны жишээн дээр хэлж байв. ТӨХ нь өдгөө Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон өөрчлөгдсөн хэдий ч тухайн байгууллагатай холбоотой өмнөх мэдээлэл байхгүй байх жишээг сэтгүүлчид хэлж байв.

Б.Болд

 

 

 

Холбоотой мэдээ