Ц.Баянмөнх: Ирээдүйн малчдыг сайн бэлтгэх хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-09-21 13:58:31

Увс/МОНЦАМЭ/. Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн харъяат, аймгийн сайн малчин Цэдэвийн Баянмөнхтэй ярилцлаа. Малч хичээнгүй түүний хувьд улс улсын сайн малчны болзлыг биелүүлэхэд ойрхон байна. Тэрбээр мал маллах хүн ховордож, харин дипломтой ажилгүйчүүдийн эгнээ тэлж буйд санаа зовж ядваг  гэсэн.  

-Юуны өмнө та өөрийгөө  танилцуулаач?

-Би 1973 онд Увс аймгийн Хяргас суманд төрсөн. Одоо 45 настай. 1992 онд 10 дугаар анги төгсөөд удалгүй анхны нэг жилийн цэргийн албыг хааж байлаа. 1994 онд цэргээс халагдаж ирээд өрх тусгаарласнаас хойш өнөөг хүртэл мал маллаж байна.

   Манайх ам бүл долуулаа. Эхнэрийг маань Чойжилийн Туул гэдэг. Хүүхдүүдийн хоёр нь оюутан, гурван бага нь сурагч. Эхнэр бид  малаа маллаж байна. Хаврын тарчиг цагт туслах малчин авдаг. Манай сумаас малчин олдохоо больсон. Улаангомоос л малчин авч байна. 2012 онд Сумын сайн малчин, 2016 онд аймгийн сайн малчин болсон. Би бусдын адил мал сүргээ адгуулаад явж л байгаа, олноос онцгойрох юмгүй, жирийн л нэгэн малчин хүн дээ.
-Жирийн нэгэн малчин гэснээс та ирээдүйн малчдын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Миний хувьд сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд тус нэмэр болохсон, улс орноо хөгжүүлэхсэн, залуу малчдаа бэлтгэж, дэмжихсэн гэж бодож явдаг. Одооны залуус залхуу болжээ. Бүгдээрээ шахуу л их дээд сургууль руу хошуурч байна. Олон сайхан дээд сургуульд сурч сурчихаад ажлын байр олдохгүй болохоор эргээд малчин болж байна. Тэгж  өөрт хэрэггүй  диплом цуглуулах нь дэмий байх. Үүний оронд ирээдүйн малчдыг чанартай сайн бэлтгэмээр байна.

-Бэлчээр нутаг хомсдоод мал маллахад хүндрэлтэй болж байна шүү дээ?

-Энэ цаг үед мал маллахад байгаль цаг уур өөрчлөгдөөд хүндрэлтэй байгаа. Би багадаа зуны улиралд хөл нүцгэн шүүдэр өшиглөөд малд явж байсан. Одоо өглөө босоод үхэр хураахад тийм юм алга. Бэлчээр нутаг цөлжөөд байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртөж байна. Бэлчээрийн даац хэтэрч, цөлжилт Монгол Улс даяар явагдаж байна. Бид байгалийг захирч чадахгүй болохоор байгальтайгаа дасан зохицохоос өөр аргагүй.

Нэгдэл нийгмийн үед бүх зүйл эмх цэгцтэй байсан. Тийм үе рүү одоо буцаад оръё гэвэл бас бүтэхгүй. Иймээс төр засаг  тууштай зөв бодлого баталвал  түүнийг нь малчид дагамаар байна. Малчин бүр мянган малтай биш, 300 толгой ашиг шим өндөртэй малтай байж энэ газар нутгаа аварч үлдэх ёстой. Таван үхэр саагаад  таван литр сүү биш, нэг үхэр саагаад таван литр сүү авдаг болмоор байна.

-Танайх хэчнээн малтай вэ?

-Бог мал 900, бод мал 100 гаруй бий. Энэ жил 350 орчим ямаа самнаж, 250-иад кг ноолуур авлаа. Малын ашиг шим өндөр байвал нэн сайн гэж үзээд малынхаа үүлдэр угсааг сайжруулж байна. Урд жилүүдэд ноолуур үнэд хүрч 60 мянга болж байсан. Гэтэл энэ жил 100 мянгаас буусангүй. Одоо бусад төрлийн малын түүхий эдийн үнийг өсгөмөөр байна.

Бид ямааны хялгасаа хог их тарьж байна гээд устгадаг байсан. Гэтэл одоо ямааны хялгас, үхрийн хөөврийг хоршоонд тушааж байна. Одоо цаашдаа аймаг бүрт малын түүхий эд, ноос ноолуурыг боловсруулдаг жижиг үйлдвэр байгуулах нь зүйтэй.

-Миний хувьд аливаа шагнал урамшил авахыг хүсэхээс илүүтэй бусдад бодитой туслахыг хичээж явдаг. Тийму учраас Улаан загалмайн буяны үйлсийн төлөө олон жил явж байна. Бусад малчдыг ч гэсэн энэ буянтай үйлсэд нэгдээсэй гэж уриалж байна. 

-Танд баярлалаа.

                                                                                                                                                               Б.Батхүү

Холбоотой мэдээ