Эрх зүйн чиглэлээр бичдэг сэтгүүлчид "Эрэн сурвалжлах клуб" байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-09-24 11:51:23
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХЗДХЯ, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв хамтран хууль, эрх зүйн чиглэлээр дагнан бичдэг сэтгүүлчдэд Эрх зүйн чиглэлээр мэдлэг олгох зорилготой сургалт, өдөрлөг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн чиглэлээр ажилладаг 50 гаруй сэтгүүлч оролцон клуб байгуулж ТУЗ-ийн гишүүдээ сонгов.


Сэтгүүлчдэд зөрчлийн тухай, жагсаал цуглаан зохион байгуулах тухай хууль болон шинээр баталсан хуулиудын талаар мэдлэг өгсөн. Тухайлбал  жагсаал цуглаан, хэргийн газрын үзлэг хийх үйл явцыг Мөрдөн байцаах алба, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газар /ОНАБХГ/-ын алба хаагчид жүжигчилсэн тоглолтоор аюултай нөхцөлд сэтгүүлч аюулгүй байдлаа хэрхэн хангаж ажиллах талаар үзүүллээ. Мөн сургалтын төвийн алба хаагчид сургуультай ноход, ЦЕГ-ын Тусгай албаны албан хаагчид террорист халдлагаас авран хамгаалах ажиллагааны үзүүлбэрийг сонирхууллаа. ОУХМ Г.Нандинзаяа буудлагын сургалт явуулсан бөгөөд оролцогчид 4 багт хуваарилагдан олс таталт, буудлагын төрлөөр өрсөлдөв. 


Өдөрлөгийн төгсгөлд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү, Цагдаа дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Одмандах, ХЗДХЯ-ны мэргэжилтэн Х.Баттогтох нар "Эрх зүйн мэдлэг"-ийн 0.5 кредит сургалтын сертификат гардуулж шинэ клубын үйл ажиллагааг дэмжин ажиллахаа  илэрхийлэв.


Холбоотой мэдээ