Улсын Гуравдугаар төв эмнэлэг 505 эмч, ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2018-09-20 17:43:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын гуравдугаар төв эмнэлэг “Эмч, ажилчдын нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын аяны тайлан өдөрлөгийг зохион байгуулан энэхүү зорилтот сарын аянын хүрээнд тус эмнэлгээс тасаг, албадуудынхаа дунд зарласан болзолт уралдааны дүнг танилцуулан идэвх санаачлагатай ажилласан хамт олон, хувь ажилтнуудаа шалгаруулан шагнаж урамшууллаа.


Тус болзолт уралдаанд Зөвлөх поликлиник, Зүрх судлалын тасаг, Уушги судлалын тасаг, Бөөр дотоод шүүрлийн эмгэг судлалын тасаг, Эмчилгээний хоол үйлдвэрлэлийн албадууд хийсэн ажлуудаараа бусдыгаа тэргүүлэн хошуучлав.

Өдөрлөгийн үеэр эмнэлгийн захиргаа болон  тасаг нэгжүүд эмч, ажилчдынхаа нийгмийн хамгааллыг дэмжих, эрүүл, аюулгүй ажлын орчин нөхцөлийг бүрдүүлэх, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах боломжийг хангах, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр хийсэн ажлуудаа нийт хамт олондоо танилцуулсан юм. Зорилтот сарын хүрээнд 505 эмч, ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан бөгөөд цусны даралт ихсэлтийг эрт илрүүлэх үзлэгт бүрэн хамруулж “Цусны даралт ихсэлтийг хянах булан”-г байгуулжээ. Эрэгтэйчүүдийн эмчийн үзлэгт 80, ясны сийрэгжилт тодорхойлох оношилгоонд 203 эмч, ажилтныг тус тус хамруулж, шинээр ажилд орсон 76 эмч, ажилтанд эрүүл мэндийн цогц шинжилгээг болон төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, В, С вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээ, 50 ажилтанд В вирүсийн эсрэг дархлаажуулалт хийв.

Мөн ажлын байран дахь аюулгүй байдлыг ханган ажиллах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалт,  мэс засал, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч, сувилагч нарт сайн дурын эрсдлийн болон хариуцлагын даатгалд хамруулах ажлыг зохион байгуулан, тус эмнэлэгтээ идэвх санаачлагатай, ёс зүйтэй ажиллаж буй үйлчилгээний 2 ажилтанд сувилагч, хөдөлгөөн засалч мэргэжлээр “Этүгэн” их сургуульд суралцах эрхийн бичиг гардуулан өгч, сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэн, сургуулиа амжилттай төгсөхөөр ажлын байраар хангах боломжийг олгов. Эмнэлгийнхээ  үе үеийн алдар цуутнуудаа алдаршуулан сурталчлах, хамт олон, хойч үеийнхэнд үлгэр дууриал, бахархал болгох, иргэд, үйлчлүүлэгчдэд таниулах зорилгоор “Алдарын самбар”-уудыг гарган эмнэлгийн төв хэсэгт байршуулан, өөрсдийн хэрэгжүүлсэн ажлын талаар хэвлэл, мэдээллийн 24 байгууллагаар сурталчилан ажиллалаа.

Холбоотой мэдээ