Гаршуулсан бүргэдийг байгальд нь буцааж тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-09-20 19:46:48

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.Баян-Өлгий аймгийн БОАЖГ, Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, Монголын цармын бүргэдийн нийгэмлэг, "Алмакөк" бүргэдчдийн холбооноос гаршуулсан бүргэдийг байгальд буцаан тавих асуудлаар "Цармын бүргэдийн тогтвортой менежмент" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Улаанхус суманд есдүгээр сарын 22-23-нд зохион байгуулахаар болжээ.


Энэ талаар Монголын цармын бүргэдийн нийгэмлэгийн тэргүүн А.Атай, "Шинжлэх ухаанд гаршуулсан бүргэдийг зургаа орчим жил ашигласны дараа байгальд нь буцаан тавих ёстой гэж үздэг. Манайд ихэнхдээ эмэгчин бүргэдийг гаршуулдаг. Гэхдээ сүүлийн үед жуулчдад харуулж, сонирхуулах зорилгоор эрэгчин бүргэдийг ч гаршуулж байгаа. Зарим хүмүүсийн хувьд бүргэдээ байгальд буцаан тавьдаггүй асуудал бий. Энэ нь бүргэдийн тоо толгой өсөх боломжийг хязгаарлаж байна. Бүргэд бусад ан амьтдын адил үржилд орж, тоо толгойгоо өсгөх шаардлагатай. Тийм учраас экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, бүргэдээр ан авлах урлагийг тогтвортой хөгжүүлэх үүднээс бүргэдчидтэй зөвлөлдөн нэгдсэн шийдэлд хүрч, жил бүр бүргэдийг байгальд буцаан тавих ажлыг уламжлал болгон зохион байгуулахыг зорьж байна. Аймгийн бүргэдчдэд мэдээлэл хүргэж байгаа. Мөн энэ үеэр бүргэдчдийн тэмцээн явуулж, 10 бүргэдийг байгальд буцаан тавина" гэлээ.


Харин Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төв болон Монгол Улсын Их сургуулийн судлаачид байгальд буцаан тавьсан бүргэдийн хөлд дохио дамжуулагч зүүж, цаашид тэдний шилжих хөдөлгөөн, амьдрах орчин, насжилтыг судлах ажээ.


Дашрамд хэлэхэд, Монголын цармын бүргэдийн нийгэмлэгээс өгсөн мэдээллээр Баян-Өлгий аймгийн хэмжээнд бүргэд гаршуулдаг 200 орчим хүн байдаг аж.


Ө.Нурболат

Холбоотой мэдээ