Мянгаас доошгүй га талбайг хашаажуулж, ойн зурвас байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-09-20 17:38:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Засгийн газраас долоон аймгийн 60 сумын 113 багийг тариалан эрхлэх таатай боломжоор хангаж, тус бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх шийдвэр гаргасан. Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Өвөрмонголын өөртөө засах орны Баяннуур хотын ойн зурвас байгуулсан туршлагаас судалж эхэлсэн байна. 


Дээрх ажлын хүрээнд 1000-аас доошгүй га талбайг хашаажуулах, ойн зурвас байгуулах аж. Ойн зурвас байгуулснаар тариалангийн талбайн хөрсний үржил шимийг салхи, ус борооны элэгдэл, эвдрэлээс хамгаалах, чийг хуримтлуулах, хөрсний бүтцийг тогтвортой сайжруулах боломж бүрдэнэ гэдгийг албаныхан хэлж байна. 


Баяннуур хотын тухайд,  умард өргөргийн 40 градуст “газар тариалангийн алтан буюу хөрсний үржил шимт бүс” гэгддэг тариа будааны ургалт, гарц сайтай нутагт харьяалагддаг аж. Нийт 73326 га тариалангийн талбайтай энэ бүс нутагт нар тусах хугацаа урт бөгөөд наран цэцгийн болон улаан лооль тариалалтаараа тэргүүлдэг байна. Тиймээс ч тариалангийн талбайг тойруулан ойн зурвас байгуулсан туршлагатай. Ганцхан жишээ дурдахад, тус хотын Ү Юань шены Лиень Шин нарны энергийн тосгоны малын тэжээл тариалдаг талбайд 100 000 том мод, 130 мянган хавтгай дөрвөлжин талбайд цэцэг ногоо тарьж ургуулсантай манай мэргэжилтнүүд танилцжээ.



Холбоотой мэдээ