Хотоос зүүн чиглэлд гарах 3.5 км авто замын хөдөлгөөнийг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-09-20 17:39:13
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос зүүн чиглэлд гарах 3.5 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэж дууссанаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээв.

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанаас Улаанбаатар хотоос зүүн тийш гарах гол замыг яаралтай засварлах шийдвэрийн дагуу тус чиглэлийн 3.5 км авто замын барилгын ажил энэ сарын 11-ний өдрөөс эхэлж 9 хоногийн хугацаанд гүйцэтгэлээ.

НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Улаанбаатар зам засвар арчлалтын газрын дарга Ж.Чинзориг, ЗЦГ болон бусад холбогдох албаныхан уг замын нээлтэд оролцов.

Зам барилгын ажлын хүрээнд туулын гүүрнээс хуучин Баянзүрхийн товчоо хүртэл 0.8 км замыг дөрвөн эгнээтэй болгон өргөтгөсөн бол бусад 2.6 км хэсэгт авто замын шинэчлэлийн ажил хийжээ.

Эвдрэл ихтэй Улиастайн уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэл 20.9 км авто замыг өнөөдөр  БНХАУ-ын Бээжин хотод болж буй Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар ирэх хавраас шинэчлэх ажлыг эхлүүлэхээр болсон аж.

Холбоотой мэдээ