Европын орнуудад бүтээгдэхүүн экспортлохын тулд евро стандарт нэвтрүүлэх шаардлагатай гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-09-20 17:47:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын 12 дахь удаагийн уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Энэхүү уулзалтаар Монгол Улс, Европын холбооны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өрөгжүүлэх, хүний эрхийг хангах чиглэлээр хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх талаар ярилцлаа.

Европын холбоо нь 28 гишүүн оронтой бөгөөд парламентад нь 280 гаруй нам байдаг аж. Монгол Улсын хувьд Европын холбооны гишүүн орнуудтай улс төрийн хүрээнд нягт хамтран ажиллаж байгаа хэдий ч эдийн засгийн харилцаа төдийлөн хөгжихгүй байгааг Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Н.Оюундарь хэллээ.


Тэрбээр, “Европын холбооноос Монгол Улсад “JSP Plus” хөтөлбөр хэрэгжүүлж, 7000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнд тарифын болон тарифын бус хөнгөлөлт үзүүлдэг. Гэвч Монголын тал энэ хөнгөлөлтийг төдийлөн үр дүнтэй ашиглаж чадахгүй байна. Тиймээс Монгол Улс Европын холбоонд экспортлох бараа бүтээгдэхүүндээ евро стандартыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр гадаад худалдаа өргөжих боломж нээгдэнэ. Монгол Улсын нийт ноолууран бүтээгдэхүүний 6 хувийг ХБНГУ руу гаргадаг.  Нөгөөтэйгүүр тус холбооноос Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэхэд анхаарах шаардлагатай байна. Үүний тулд зээл тусламжаас гадна бизнесийн орчинг хөгжүүлж,хууль, журмаа бизнес эрхлэгчдэд тааламжтай байлгах хэрэгтэй” гэлээ.


Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Ивета Григуле, “Монгол Улсын хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэх, евро стандартыг нэвтрүүлэх нь туйлын чухал. Ингэснээр 7000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг тарифын болон тарифын бус хөнгөлттэй нөхцлөөр Европын холбооны гишүүн орнуудад гаргах боломжтой. Тиймээс Засгийн газар болон бизнес эрхлэгчид евро стандартыг нэвтрүүлэх чиглэлд ажиллах хэрэгтэй.  Монгол Улс бол ардчиллыг бэхжүүлэх чиглэлд Ази тивдээ тэргүүлж буй орнуудын нэг. Цаашдаа хүний эрхийг хамгаалах, авлигалтай тэмцэх чиглэлд Европын холбоотой нягт хамтран ажиллах боломжтой юм” хэмээв.


Европын холбооноос хөрөнгө оруулалт татахын тулд нэн тэргүүнд улс төр болон хууль, эрхзүйн орчны тогтворттой байдлыг бий болгох шаардлагатай гэдгийг УИХ-ын гишүүн Л.Болд уулзалтын үеэр дурьдаад, “Аль ч орны хөрөнгө оруулагчдын хувьд нэн тэргүүнд тавьдаг шаардлага бол хууль эрхзүйн тогтвортой байдал. Өөрөөр хэлбэл, хууль эрхзүйн орчин тогтвортой байснаар урт хугацаанд, эрсдэлгүй ажиллах боломжтой гэж үздэг. Харин Монгол Улсын хувьд шинээр байгуулагдсан УИХ өмнөх парламентынхаа баталсан хуулийг өөрчлөх, хүчингүй болгох, шинэчлэн найруулах тохиолдол олон бий. Энэ нь хөрөнгө оруулалт татахад ихээхэн сөрөг нөлөө үзүүэлж байна” гэв.

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ