Баян-Овоо сумын соёлын өдрүүд эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-09-20 19:51:10

Баянхонгор /МОНЦАМЭ/.  Баянхонгор аймгийн Засаг даргын үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөрт тусгасан ажлын дагуу жилд таван сум урлаг соёлын өдрөө аймгийн төвд тэмдэглэдэг уламжлал тогтоод буй. 

Энэ жил Заг, Гурванбулаг сумын соёлын өдрүүд Баянхонгор хотноо болсон бол Баян-Овоо сумын өдрүүд эхэллээ. Аймгийн төв замаар автомашин, ердийн хөсөг, урлаг соёлынхон, ард иргэд, сурагч хүүхдүүдийн жагсаалаар сүрлэг эхэлсэн арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн дарга Л.Баясгалангомбо тэргүүтэй удирдлагууд оролцов.

Мөн сумын алдар цуутнуудын төлөөлөл Монголын урлаг соёлын нэрт төлөөлөгч, төрийн соёрхолт Догмидын Сосорбарам, Нацагдоржийн шагналт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Данзангийн Нямаа,  "Санаачилга" нэгдэл болон Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байсан ахмад настнууд, Ш.Дамдинсүрэн арслан тэргүүтэй улс, аймгийн аварга малчид, тэргүүний сайчууд болон одоо ажиллаж байгаа сумын удирдлагууд, ажилтнууд , иргэд хөдөлмөрчид ирсэн юм.

Ойрын гурван өдөр аймгийн төвд ийнхүү Баян-Овоочуудын бахархалт үйлс, урлаг, соёл, спортоор амьсгалсан өдрүүд үргэлжлэх аж.

Н.Мөнхзул

Холбоотой мэдээ