Филиппинд хөрсний гулгалт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2018-09-20 15:53:18

МОСКВА./РИА Новости/. Филиппин улсын Себу мужид пүрэв гарагийн өглөө болсон хөрсний гулгалтад 4 хүн амиа алдаж, 100 орчим хүн нурангинд даруулсан байж магадгүй байгаа тухай тус улсын телевизийн “ABS-CBN” суваг мэдээлжээ.


Байгалийн гамшиг Нага хотод болсон байна. Хотын цагдаагийн дарга Родерик Гонсалесын мэдээлснээр, их хэмжээний усархаг бороо хөрсний гулгалт дагуулжээ. Хөрсний гулгалтын улмаас хэдэн арван байшин нурангид даруулсан байна.

Телевизийн ABS-CBN” сувгийн мэдээлснээр, гамшгийн бүсэд ажиллаж байгаа аврагчид дөрвөн хүний цогцос илрүүлсний дотор 4 настай хүүхэд байжээ. Өөр дөрвөн хүнийг аварсан байна.

Аврагчид амьд үлдсэн хүмүүсийг аврах найдлага тасралгүй ажиллаж байна гэж хотын цагдаагийн дарга Родерик Гонсалес мэдээлжээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ