Алба хаагчид үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, дахин үнэлгээний чиглэлээр мэдлэг сэлбэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-09-21 10:53:03

Ховд/МОНЦАМЭ/Ховд аймагт “Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэл,дахин үнэлгээ” сэдэвт сургалт зохион байгуулж, тус аймгийн төрийн өмчийн бүх хэлбэрийн 400 гаруй албан тушаалтан оролцов.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 193 дугаар тогтоолоор төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газарэзэмших, ашиглах эрхийг үнэлж, санхүүгийн тайланд тусгах, үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.Тус тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Орон нутгийн өмчийн газар хамтран “Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, дахин үнэлгээ” сэдэвт сургалтыг энэ сарын 20-ны өдөр Ховд аймагт зохион байгуулав.

Уг сургалт өрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг хөрөнгийн үнэлгээний мэдээллээр хангах, хөрөнгийн үнэлгээг нэгдсэн аргачлалаар зохион байгуулах талаар олон нийтэд мэдээлэл түгээх зорилготой юм.Үүнд  Ховд аймгийн төрийн өмчит 33 байгууллага, орон нутгийн өмчит 155 байгууллагын удирдах ажилтан, нягтлан бодогч, үнэлгээний мэргэжилтнүүдийн төлөөлөл 400 орчим хүн хамрагдлаа.

Сургалтын нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх оролцож,сургалтын чиглүүлэгчээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэд дарга А.Дагвадорж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын өмчийн харилцааны мэргэжилтэн Г.Дэлгэрмаа, Б.Гэрэлтуяа нар ажиллаа.

Энэ үеэр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн дансанд тусгах аргачлал, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд тавигдах шаардлага, газрын эрхийн үнэлгээ, барилгын үнэлгээ, гадна шугам сүлжээ, зам гүүр, инженерийн байгууламжийн үнэлгээ хийх аргачлал, үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээний дүнг нягтлан шалгах, нэгтгэх, санхүүгийн тайланд тусгах тухай мэдээлэл өгөв.

Мөн  Засгийн газар, төрийн эрх бухий байгууллагын хөрөнгийн үнэлгээний талаарх тогтоол, шийдвэр болон төрийн өмчийн бүртгэл, эзэмшил, ашиглалт, хөрөнгийн хөдөлгөөний асуудлаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас батлан гаргасан тогтоол шийдвэрүүд, түүний хэрэгжилтийн талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээллээ.


                                                                                                                                                                                                  А.Бямбасүрэн 

Холбоотой мэдээ