Арьс цайх өвчнийг эмчлэх эмнэлэг үүдээ нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-09-20 14:00:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Мон Шинжүкү скин мед” эмнэлэг нь манай улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй тархаад байгаа арьс цайх, хайрст үлд, атопи өвчнийг бүрэн эмчлэх Япон улсын “Shinjuku Skin Specialist” арьсны эмнэлгийн эмчилгээг Монголд нэвтрүүлж эхэллээ. Энэхүү эмнэлгийн албан ёсны нээлт өнөөдөр болов.

“Shinjuku Skin Specialist” арьсны эмнэлэг нь арьс цайх болон хайрст үлдийг богино хугацаанд эмчилж буй эмчилгээний үр дүнгээрээ Японд төдийгүй Азид тэргүүлж байна. Азийн бусад орноос арьсны өвчтэй, тэр дундаа арьс цайх, хайрст үлд өвчнөөр олон жил эмчлүүлээд эдгээгүй хүмүүс энэ эмнэлгийг зоридог аж. Тус эмнэлгийн ерөнхий эмч, доктор, профессор Энами Хисао Япондоо тэргүүлдэг арьсны эмч бөгөөд үүдэл эсийн эмчилгээ болон арьс цайх өвчний эмчилгээнд арьс нөхөн суулгах аргыг анх нэвтрүүлэн, хэрэгжүүлсэн эмч юм. Тэрбээр эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор Монголд ирээд байна. Тэрбээр Японд үүдэл эсийн эмчилгээг арьсны салбарт хэрэгжүүлсэн, арьсны салбартаа төдийгүй эмчлэх ур чадвараараа Япондоо тэргүүлдэг. Түүний амьдралын замнал болон Японы эрүүл мэндийн салбарт оруулсан гавьяаг үнэлж дунд сургуулийн сурах бичигт хүртэл орсон үндэстний бахархал болсон цөөн хүмүүсийн нэг юм.

Монгол хүн эх орондоо, гэртээ, ажил, сургуулиа таслахгүйгээр, гадагшаа явж ихээхэн зардал чирэгдэл гаргахгүйгээр, гадаад улс орнуудын амьжиргааны түвшинд тулгуурласан өндөр үнэтэй эмчилгээг бус монголчуудын амьжиргааны түвшинд тохирсон үнэ төлбөрөөр өндөр хөгжилтэй орнуудад хийж буй орчин үеийн дэвшилтэт технологи бүхий эмчилгээг авах сайхан боломж бүрдсэнийг тус эмнэлгийн захирал Д.Бадамгарав хэлж байна.



Тэрбээр ярихдаа, "Миний хүү арьс цайх өвчнөөр өвдөөд Солонгос, Хятад, Австри зэрэг орноор 3,4 жил яваад эмчлүүлж чадаагүй. Хамгийн сүүлд Солонгосын доктор “Арьс цайх өвчнийг япончууд л эмчилж чадна” гэдгийг зөвлөсөн. Тэгээд японы эмнэлгийг судалж хүүгээ эмчлүүлээд өнгөрсөн жил визний нэг сарын хугацаанд миний хүү эдгээд ирсэн. Тиймээс тэдний хийж буй эмчилгээг нүдээр үзээд, энэхүү эмчилгээг Монголд нутагшуулахаар зорьсон юм. Эмнэлгийн захиргаа болон доктор профессор Энами Хисаод Монголд арьсны өвчлөл өргөн тархацтай, тэр дундаа бага насны хүүхдүүд арьс цайх, атопи өвчинд маш олноор өртөж байгаа тухай удаа дараа учирлан хандсанаар тус эмнэлгийн эмчилгээг Монголд нэвтрүүлэхийг зөвшөөрүүлсэн. Түүгээр ч барахгүй доктор профессор Энами Хисао ихээхэн сэтгэл гарган, өндөр хөгжилтэй орнуудад, эмнэлгийн нөхцөлд ашигладаг дэвшилтэт технологийг Монголд нутагшуулах, мөн тус эмнэлгийн эмчилгээг Монголд гардан хийх эмч, сувилагчийг маань эмнэлэгтээ сургаж бэлтгэн тусалсан. Мөн эмнэлэг байгуулах саналаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд тавихад маш сайн хүлээн авч, дэмжсэнд баярлаж таларсанаа илэрхийлье” гэв.

Тус эмнэлэг үйл ажиллагаагаа эхлээд хоёр сарын хугацаа өнгөрч буй ч ачаалал их, энэ хугацаанд арьсны өвчтэй 80 орчим хүнийг эмчилж эхлээд байгаа аж.



Зургаан настай, эмэгтэй Б-ийн 20 гаруй хоногт 2 нүдний зовхи, цайралт буюу /витилиго/ 6 дахь эмчилгээнээс бор хүрээ үүсч эхэлсэн бөгөөд 23 дахь удаагийн эмчилгээгээр жижиг цайралтууд нөсөөжин битүүрч, зовхины цайралтууд захаасаа хумин, голоосоо нөсөөжиж буй үр дүн гарчээ.

 

Холбоотой мэдээ