“Орон зайн мэдээллийн систем”-ийг хөгжүүлэх нь эдийн засгийн чухал ач холбогдолтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-09-20 13:57:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол дахь НҮБ-ын байранд өнөөдөр "Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдвийн дор болж буй олон  улсын зөвлөлгөөний үеэр орон зайн мэдээллийн системийг хөгжүүлснээр төрөөс иргэдэд чиглэсэн үйлчилгээг илүү хүртээмжтэй, хурдан шуурхай болохоос гадна эдийн засгийн чухал ач холбогдолтойг онцлов.




Хурлын ач холбогдлын талаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орон зайн мэдээлэл технологийн хэлтсийн дарга Э.Баярмаа хэлэхдээ “Орон зайн мэдээлэл нь байрлалд суурилсан, хаана гэдэг асуултад хариулж байгаа бүх төрлийн мэдээллийг хэлэх бөгөөд Засгийн газраас иргэдэд чиглэсэн үйл ажиллагааг илүү хүртээмжтэй, боловсронгуй, түргэн шуурхай болгох, төрөл бүрийн төлөвлөлт хийхэд орон зайн мэдээллийн систем чухал ач холбогдолтой. Тухайлбал, хот төлөвлөлтийг анхнаас нь зөв зохистой хийхэд тус систем үндэс суурь нь болдог. Энэ системийг ашиглан дүн шинжилгээ хийснээр хаана сургууль, цэцэрлэг, барих, төмөр зам тавих, газар тариалан эрхлэх тохиромжтойг шийдвэр гаргагчид баталдаг. 

Удахгүй “Орон зайн өгөгдөл дэд бүтэц”-ийн талаар төрөөс  бодлогын баримт бичгийг боловсруулан Засгийн газарт өргөн барина.

Энэхүү хурал манай оронд хоёр дахь удаагаа болж буй бөгөөд Төр, ТББ болон Их Британи, АНУ, Япон, Индонези, Бангладеш улсын 150 орчим төлөөлөгч оролцож тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд орон зайн мэдээллийн гүйцэтгэх үүрэг, систем, төрөөс баримтлах бодлого, хууль эрх зүйн орчин гэсэн сэдвийн хүрээнд илтгэл тавин, хэлэлцүүлэг өрнүүллээ.




“Дэлхийн нийтийн суурь орон зайн мэдээллийн төрлүүд” сэдвээр Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Жон Кедар илтгэл тавив. Тэрбээр орон зайн мэдээллийн системийн эдийн засгийн ач холбогдлын талаар хэлэхдээ “Дэлхий нийт орон зайн мэдээллийн системийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа өнөө үед улс орон бүрийн хүчин чармайлт чухал.  Англи улс 30 жилийн өмнө орон зайн мэдээллийн системд шилжсэн. Эдийн засгийн хувьд орон зайн мэдээллийн систем үр өгөөжтэй бөгөөд олон улсын судалгаагаар  50-100 сая ам.долларын ашиг олох боломжтой гэсэн судалгаа бий. Монгол улс ч гэсэн орон зайн мэдээллийн системийг хөгжүүлснээр олон эерэг үр дүн гарна” гэв.

Б.Янжиндулам

Холбоотой мэдээ